Нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл дахин олгохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭОрон сууцны хороолол дундах болон сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сүйтгэж барилга барих үйл ажиллагааг таслан зогсооно гэдгээ НЗД С.Батболд өнөөдөр мэдэгдлээ.
Нийслэлийн удирдлагуудад иргэдээс “Байгууллагын нэр, эзэмшигч нь тодорхойгүй компани сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын дундах ногоон байгууламжийг сүйтгэж, барилга барьж байна. Үүнийг зогсоож өгнө үү” гэсэн гомдол байнга ирдэг байна. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбай, сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сүйтгэж барилга барих бүхий л үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан хэмээн Хотын дарга хэллээ.
Тэрбээр, “Захирамжаар орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайн дор 2-3 давхар автомашины зогсоол барьж болно. Зогсоолынхоо дээр ногоон байгууламж эсхүл хүүхдийн тоглоомын талбай байгуулах ёстой. Нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид барилга барих чиглэлээр өмнө нь олгосон зөвшөөрлүүдийг шалгаж, хууль зөрчсөн бол цуцлах болно” хэмээв.
Урьдчилсан судалгаагаар нийслэлийн хэмжээнд 219 иргэн, хуулийн этгээд нийтийн эзэмшлийн талбайд хоёр жил ба түүнээс дээш хугацаанд газар эзэмших зөвшөөрөл авсан байна. Үүнээс 103 нь барилгын ажлаа эхлүүлэхээр хашаа барьсан бол 116 нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа аж. Эдгээр газрыг эзэмшиж буй бүх аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан ч зарим бичиг баримт нь дутуу, шаардлага хангахгүй байгаа аж. Тиймээс дээрх газруудыг хуулийн байгууллагуудаар шалгуулж, зөрчлийг арилгах, шаардлагатай тохиолдолд эзэмших зөвшөөрлийг нь цуцлах бөгөөд нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүрэгт 430 аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн газраасаа гадна 13.13 га талбайд зөвшөөрөлгүй хашаа барьж, ТҮЦ болон чингэлэг байруулсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ