АРХАНГАЙ: Багш нарын хөгжилд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-03 07:13:19

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд багш нар болон боловсролын сургалтын байгууллагын хөгжлийг дэмжсэн ажлыг тоймлоё.


-ЕБС-ийн 12 судлагдахууны 860 багшийг орон нутгийн төсвийн 70.8 сая төгрөгийн санхүүжилтээр 3-7 хоногийн сургалтад хамруулж, мэргэжил боловсролыг дээшлүүлсэн нь ЕБС-ийн нийт багш нарын 67.5 хувийг эзэлж байна.


Мөн “Шилдэг бүтээлч багш” уралдаанд шалгарсан 37 багшид орон нутгийн төсвөөс 102.0 сая төгрөгийн тэтгэмж олгосон. Дээрх 37 багшийн 13 нь СӨБ, 24 нь ЕБС-ийн багш нар байв.


-ЕБС-ийн 7, СӨБ-ын 8 бүлгийг “Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ээр шалгаруулж, тус бүр 5.0 сая, нийт 75.0 сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал олгосон. Энэхүү шилдгээр шалгарсан 15 мэргэжлийн хөгжлийн бүлэгт 163 багш хамрагджээ.


-Төвшрүүлэх сумын цэцэрлэг, Чулуут сумын сургууль шилдэг менежменттэй байгууллагаар шалгарч нийт 80.0 сая төгрөгөөр, Өндөр-Улаан, Эрдэнэбулган сумын 1, 3, 4, Өлзийт сумын сургуулиуд, Ихтамир, Эрдэнэмандал, Батцэнгэл, Эрдэнэбулган сумын 9, 15-р цэцэрлэгүүд тус тус 2-3-р байруудад шалгарч, техник тоног төхөөрөмжөөр шагнууллаа.  


-2024-2025 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд физик, орос хэл, англи хэл, биологи, хими, нийгмийн ухааны хичээлийн төрлүүдээр амжилттай оролцож II, III байр эзэлсэн 4 багш, 4 сурагч, тэднийг бэлтгэсэн 4 багшийг орон нутгийн төсвөөс 4.8 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан.


-Хүүхэд, өсвөр үеийнхний авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, амжилтыг урамшуулах, тэдний сурсан, мэдсэн зүйлийг хамт олон, найз нөхөд, эцэг эх, асран хамгаалагчид, иргэдэд тайлагнах зорилгоор “Архангай-Ирээдүйн эзэд” тайлант өдөрлөгийн нэгдсэн үйл ажиллагаанд 1000 гаруй хүүхэд урлагийн 33, спортын 3 тоглолт үзүүллээ. Тус үйл ажиллагаанд орон нутгийн төсвөөс 27.2 сая төгрөг зарцуулжээ.


Ийнхүү аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хүний хөгжлийн бодлогын боловсролын салбарт нийт 384.0 сая төгрөгийг зарцуулсан байна.


-Орон нутгийн төсвийн 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 3 цэцэрлэг, 6 сургууль, 3 дотуур байрыг 2024-2026 онд засварлахаар төлөвлөснөөс Жаргалант сумын сургуулийн дотуур байр, Тариат сумын сургуулийн хичээлийн байрыг засварлах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дахин зарласан. Бусад барилгын засварын гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулжээ. 2024 онд засвар нь эхэлсэн 2 барилгын ажлын явц 30-50 хувийн гүйцэтгэлтэй байна.

相关新闻