АРХАНГАЙ: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн дунд улаан бурхан өвчний тархалт илүү байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-21 11:38:14

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2025 оны 7 сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний 1532 хавьтал бүхий 86 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 77 нь эдгэрч, 8 нь эмнэлэгт эмчлүүлж байна. Гэрээр болон нас барсан тохиолдол байхгүй.

 

Насны бүтцээр нь харвал 0-4 настай 22 тохиолдол, 5-9 настай 16, 10-14 настай 25, 15-19 настай 11 тохиолдол зонхилж байна.


Батлагдсан нийт тохиолдлын 80-85 хувийг улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхэд эзэлжээ.

Иймд иргэд хүүхдийнхээ товлолт вакцины мэдээллийг шалгаад, хэрвээ хамрагдаагүй байвал харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандахыг аймгийн ЭМГ-аас зөвлөж байна.


Улаанбурхан өвчний 86 тохиолдол нь аймгийн 19 сумаас Тариат, Жаргалант, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Хотонт гэсэн 9 суманд бүртгэгдсэн. Бусад суманд бүртгэгдээгүй байгаа юм.

 

Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний болоод дархлаажуулалтын талаарх мэдээллийг  99629343, 70332180 дугаараас авч болох юм.


Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурханаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

相关新闻