Нийтийн эзэмшлийн талбайд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Кэй Эйч апартмент байрны баруун тал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Спортын төв ордны баруун талын авто зогсоолын тохижилтын ажил дуусах шатандаа орж байна.
Нийтийн эзэмшлийн 50 байршлын төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийн хүрээнд дээрх хоёр байршлыг тохижуулах ажлыг хийж байна. Одоогоор авто зогсоолын асфальт хучилт, тэмдэг тэмдэглэгээг шинээр хийжээ. Мөн 17 байршилд тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан байна. Түүнчлэн есөн байршилд суурилуулах юм.
Төслийн талаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Төслийн удирдагч Б.Загдсамбар, “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113’356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минут зарцуулдаг байна. Иймд уг төслийн хүрээнд төвийн зургаан дүүргийн 50 байршилд нийт 2400 автомашины зогсоол барина. Мөн ногоон байгууламжийг нэмэх хүрээнд мод тарих, камержуулалтын систем суурилуулах, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах зэрэг ажлыг үе шаттай хийх юм” гэв.
Төсөл хэрэгжүүлэгч “Эн Ти Би” ХХК болон “ГрейпСити Монгол” ХХК-ийн түншлэл нь тохижилтын ажил дууссаны дараа тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлага /UCS 0902B:2022/-ын дагуу засварлаж арчлах юм. Мөн зогсоолыг бүрэн цахимжуулах, хяналтын камер шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх буюу нийслэлийн нэгдсэн системд холбож, төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх аж.
Авто зогсоолууд ухаалаг шийдлийг нэвтрүүлж нэгдсэн удирдлагад оруулснаар зогсоолын машин орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Тухайлбал, авто замын санд төвлөрүүлэх орлого эхний гурван жилд 1-2 дахин, дараагийн таван жилд 3-4 дахин өсөх тооцоолол гарчээ.