Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-29 17:12:02

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээг хүргэхийн тулд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, өдөр тутмын үйлчилгээг сайжруулж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв.


Үүний нэг ажил болох нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж шинэчлэх ажлыг үе шаттай хийж эхлээд байна.


Энэ талаар НТБГ-ын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул, “Энэхүү шинэчилж эхлээд байгаа мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар газрын зурагтай хийсэн. Хүүхэд, өндөр настан гээд хэн ч харсан ойлгоно. Өмнө нь самбарын бүх мэдээллийг гараар шивж, зурж бүтээдэг байсан. Одоо автомат болж байгаа нь нарийн деталиудыг тодорхой оруулах боломж бүрдсэн” гэв.


Тус самбарыг автоматжуулах ажлыг гүйцэтгэж байгаа “Дата Дэүс" компанийн гүйцэтгэх захирал Ж.Болор ярихдаа, “Автобусны буудал болгонд тохирсон автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээрээс автоматаар харуулна. Деталиудыг хүний гараар зурах шаардлагагүй болсон. Бүтээмж сайжирч технологийн дагуу самбарын бүх мэдээлэл автоматаар хийнэ. Туршилтын загварууд хийж эхний хувилбараар танилцуулж байна” гэлээ.



Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 133 чиглэлд дунджаар 1000 гаруй автобусаар 500 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Улаанбаатар хотод нийт 1280 автобусны зогсоол байгаа ажээ.

 

相关新闻