НҮБ: Хүн төрөлхтөний эрчим хүчний эрэлт хурдацтай өсөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-07-29 17:46:17

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/.  НҮБ-ын сүүлд гаргасан тайланд нар, сар зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авсан эрчим хүч олборлодог түлшнээс гарган авсан эрчим хүчнээс 40-50 хувь хямд байгааг дурджээ.

 

Жил ирэх тусам сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж өнгөрсөн жилд дэлхий нийтээр хэрэглэсэн эрчим хүчний 74 хувь нь сэргээгдэх эх үүсвэрээс гарсан байна. Хэдий тийм боловч дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний шаардлагатай хэмжээнээс удаан байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш илтгэлдээ дурджээ.

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сэргээгдэх, цэвэр эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхийг уриалсан “Алдаж болохгүй боломж:Цэвэр эрчим хүчний эрин үеийг цэнэглэх нь” тусгай илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрчим хүч бол хүн төрөлхтөн галыг эзэмшихээс эхлээд, уурыг ашиглах, атомыг задлах хүртэлх хөгжлийн түүхийг тодорхойлогч юм. Өнөөдөр бид шинэ эриний босгон дээр ирээд байна. Цэвэр эрчим хүчний эриний наран мандаж байна.

 

Өнгөрсөн жил шинээр бий болсон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал нь бараг бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчинд суурилжээ. Түүнчлэн цэвэр эрчим хүчний нийт хөрөнгө оруулалт хоёр их наяд ам.долларт хүрч өссөн нь малтмал түлшний хөрөнгө оруулалтаас даруй 800 тэрбум ам.доллароор илүү байна.

 

Малтмал түлшний татаас өндөр хэвээр байгаа энэ үед нар, салхи нь одоогоор манай дэлхий дээрх хамгийн хямд төсөр эрчим хүчний эх үүсвэр болж байгаа бөгөөд цэвэр эрчим хүчний салбарууд хөгжсөнөөр ажлын байр олноор бий болж, эдийн засгийн өсөлт дэвшил эрчимжинэ.

 

Малтмал түлшинд найдсаар байвал улс орнууд эдийн засгаа хамгаалах нь бүү хэл хорлон сүйтгэж, өрсөлдөх чадварыг нь алдагдуулж, XXI зуунд тохиож буй эдийн засгийн хамгийн том боломжийг ашиглаж чадахгүйд хүрнэ.

 

Цэвэр эрчим хүч нь нөгөө талаар эрчим хүчний бие даасан байдал, аюулгүй байдлыг хангана. Малтмал түлшний зах зээл нь үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдал, геополитикийн үймээн самууныг өдөөж  байгаа нь ОХУ Украин Улс руу довтлох үед ажиглагдсан. Өнөөдөр бид нарны эрчим хүчний үнэ өсөөгүй, салхины эрчим хүчний эсрэг ямар нэгэн хорио цээр байхгүй, бараг бүх улс орон сэргээгдэх эрчим хүчээр өөрийгөө хангах бүрэн боломж, нөөцтэй цаг үед амьдарч байна.

 

Эцсийн эцэст цэвэр эрчим хүч л хөгжлийг тогтвортой дэмжинэ. Ялангуяа сүлжээнээс хамааралгүй,  жижиг оврын нарны эрчим хүчний технологийг нэвтрүүлж цахилгаан эрчим хүч ашиглах боломжгүй хэвээр байгаа олон зуун сая хүмүүст маш хурдан, хямд, тогтвортой, хүрч үйлчлэх боломж байна.

 

Энэ бүхэн нь цэвэр эрчим хүч зайлшгүй шаардлага болсны нотолгоо юм. Гэвч энэ шилжилт хангалттай хурдан, шударга хэрэгжихгүй байна. Хөгжиж буй орнууд ихээхэн хоцрогдолтой байна. Эрчим хүчний системд малтмал түлш давамгайлсан хэвээр байгаагаас шалтгаалан уур амьсгалын хямралыг улам хурцатгахгүйн тулд огцом бууруулах ёстой нүүрсхүчлийн хийн ялгарлын хэмжээ нэмэгдсэн хэвээр байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд дараах зургаан чиглэлээр дорвитой алхам хийх хэрэгтэй байна.Үүнд:

 

Нэгдүгээрт, Засгийн газрууд цэвэр эрчим хүчний шилжилтийн төлөө тууштай  байх шаардлагатай. Улс орон бүр Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ахиулан шинэчилж ирэх арван жилд хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөгөө ирэх саруудад гаргах үүрэг амлалт авсан. Дэлхийн дундаж температурыг цельсийн 1.5 хэмд хүргэлгүй тогтоон барих зорилттой эдгээр төлөвлөгөөг уялдуулж, бүх төрлийн бохирдол, салбарыг хамруулж, цэвэр эрчим хүчний шилжилтийн замналаа тодорхойлсон байх хэрэгтэй. Дэлхийн нүүрсхүчлийн хийн 80 орчим хувийг ялгаруулж буй Их20-ын орнууд үүнд манлайлвал зохино.

 

Хоёрдугаарт, бид XXI зууны эрчим хүчний системийг бий болгох ёстой. Орчин үеийн сүлжээ, хуримтлуулах систем үгүйгээр сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулсан нэг ам.доллар тутмын ердөө 60 цент нь цахилгаан эрчим хүчний сүлжээ, хуримтлуулах санд зарцуулагдаж байна. Энэ харьцаа адил буюу нэг-нэг байх ёстой.

 

Гуравдугаарт, дэлхийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах үүргийг засгийн газрууд хүлээх ёстой. Томоохон технологийн компаниуд ч мөн адил тодорхой үүрэг гүйцэтгэх ёстой. 2030 он гэхэд дата төвүүд өнөөгийн Япон Улсынхтай адил хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэж болзошгүй байна. Компаниуд энэ хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангах үүрэг амлалт авах нь зүйтэй байна.

 

Дөрөвдүгээрт, бид эрчим хүчний шилжилтийн шударга байдлыг хангах ёстой. Энэ нь цэвэр эрчим хүчний шилжилтийн бэлтгэл байдлыг хангахын тулд малтмал түлшнээс хамааралтай улс үндэстэнд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм. Мөн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг шинэчилнэ гэсэн үг. Өнөөдөр тэд хүний эрхийг зөрчиж, байгаль орчныг сүйтгэж, хөгжиж буй орнууд өртгийн сүлжээний ёроолд гацсан байна. Үүнийг төгсгөл болгох ёстой.

 

Тавдугаарт, бид худалдааг эрчим хүчний шилжилтийн хэрэгсэл болгох ёстой. Цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ маш их төвлөрч, дэлхийн худалдаа хуваагдмал байдалтай байна. Эрчим хүчний шинэ эрин үеийг тууштай баримталж буй улс орнууд эрчим хүчний шилжилтийг дэмжихийн тулд нийлүүлэлтээ төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүний тарифыг бууруулах, хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх чиглэлээр ажиллах ёстой.

 

Зургаадугаарт буюу эцэст нь, бид санхүүжилтээ хөгжиж буй орнууд руу чиглүүлэх ёстой. Дэлхийн хамгийн сайн нарны эрчим хүчний нөөцийн 60 хувь нь Африк тивд байгаа хэдий ч өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын ердөө хоёрхон хувь нь л тус тивд ногджээ. Хөгжиж буй орнуудын төсөв өрийн эргэн төлөлтөд шавхагдахаас урьдчилан сэргийлэх, олон талт хөгжлийн банкуудын зээлийн чадавхийг эрс нэмэгдүүлж, хувийн санхүүжилтийг илүү дайчлах боломжийг нэмэгдүүлэх олон улсын хэмжээний арга хэмжээ авах шаардлагатай  байна. Эрсдэлийн үнэлгээг шинэчлэх, цэвэр эрчим хүчний төлөөх амлалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эмх замбараагүй тэмцлийн өртөг, малтмал түлшний нөөц шавхагдах эрсдэл зэргийг бүрэн тооцох зээлийн үнэлгээний агентлагууд болон хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй байна.

 

Эрчим хүчний шинэ эрин үе ойртож байна-хямд, цэвэр, хүртээмжтэй эрчим хүч нь эдийн засгийн боломжоор баялаг дэлхийг хүчирхэгжүүлнэ. Улс орнууд эрчим хүчний хувьд бие даасан, аюулгүй байдлаа хангасан, цахилгаан эрчим хүчийг хүн бүрт бэлэглэн хүртээх шинэ эрин үе ойртож байна.

 

Энэ бол дэлхийн өөрчлөлтийг хурдасгах бидний алдаж болохгүй боломж юм. Боломжоо алдалгүй ашиглацгаая.

 




相关新闻