Камчаткт дахин газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-31 17:02:46

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 31 /Interfax/. Орон нутгийн цагаар өнөөдөр буюу пүрэв гаргийн орой Камчаткийн хойгийн орчим газарт Номхон далайд 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг бүртгэн авсан тухай Геофизикийн нэгдсэн албаны Камчатк дахь салбар мэдээллээ.


Орон нутгийн цагаар 17:27 цагт /Москвагийн цагаар өглөөний 8:27 цагт/ Петропавловск-Камчаткаас зүүн өмнө зүгт 379 км-ийн зайд, Парамушир арлаас 241 км-ийн зайд тэнгисийн 58 км-ийн гүнд 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Петропавловск-Камчатк хотод газар хөдлөлт 3 баллын хүчтэйгээр, Парамушир арал дахь Северо-Курильск хотод 5 баллын хүчтэйгээр тус тус мэдрэгджээ.


Дөрвөн минутын дараа Петропавловск-Камчатк хотоос зүүн зүгт 172 км-ийн зайд 33 км-ийн гүнд дахин нэг газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр цунамигийн түгшүүр зарлаагүй байна. Геофизикийн нэгдсэн албаны мэдээллээр, өнгөрсөн шөнө газар хөдлөлтийн дараах чичиргээ буюу афтершок 200 гаруй удаа мэдрэгдсэнээс хамгийн хүчтэй нь 6,5 магнитуд байв. Өмнө нь мэдээлснээр, орон нутгийн цагаар лхагва гаргийн 11:24 цагт Камчаткийн орчимд 1952 оноос хойш болоогүй 8,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.


ОХУ-ын ШУА-ийн Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, ирэх саруудад газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжлэх бөгөөд ойрын хоёр хоногт хамгийн хүчтэй мэдрэгдэх ажээ. 

相关新闻