Дамбадаржаа дулааны цахилгаан станцыг 2026 онд ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлбэ хот, Дамбадаржаа орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон албаныхан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрладаг тус цахилгаан станцын ажлын явцтай танилцав.
Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаар
дэмжихээр энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Тус 63 МВт дулааны
цахилгаан станц ачааллынхаа 29 МВт-ыг Дамбадаржаа руу үлдсэн 34
МВт-аар Сэлбэ хотын хойд хэсгийн орон сууцыг хангах тооцоололтой байна.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол, "Барилга угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлж, нийт гүйцэтгэл 20 гаруй хувьтай үргэлжилж байна. Үүний дотор суурийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж, стандартын шаардлага хангасан барилгын материалыг тухай бүрд нь БНХАУ-аас авч байна. Одоогоор үндсэн зуухны металл хийцийн 17 машин ачаа хил дээр ирсэн. Төлөвлөгөөний дагуу ирэх оны наймдугаар сард барилга угсралт дуусаж, есдүгээр сараас туршилтын ажил эхэлнэ. Хүйтний улирлаас урьтаж зуух болон гадна хийцийн ажлыг дуусгахаар гүйцэтгэгч компанид шаардлага тавин ажиллаж байна. Дамбадаржаа дулааны станцын яндан 86 метр өндөр бөгөөд одоогоор 65 метр хүртэл угсраад байна. Наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд яндангийн угсралтыг хийж, өндөр температурт тэсвэртэй дотоод даацын ажлыг эхлүүлнэ” гэлээ.
Дамбадаржаа дулааны цахилгаан станц барих төслийг гэрээг 2023 оны аравдугаар сарын 3-нд байгуулсан бөгөөд гүйцэтгэгчээр БНХАУ-ын хоёрдугаар металл, орд корпорац ажиллаж байна.