Крашенинников галт уул 500 жилийн дараа анх удаа дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-04 11:36:09

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 4 /BBC/. ОХУ-ын алс дорнодод орших галт уул сүүлийн 500 гаруй жилийн хугацаанд анх удаа дэлбэрсэн нь өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Камчатк дахь Крашенинников галт уул нэг шөнийн дотор зургаан км-ийн өндөрт үнс нурам цацжээ.


Хүн ам суурьшсан газруудад ямар нэгэн аюул учраагүй гэж Оросын Онцгой байдлын яамнаас мэдэгдсэн байна. Түүнээс хэдхэн цагийн дараа Орост дахин хүчтэй газар хөдлөлт болж, хойгийн гурван хэсэгт цунамийн аюулаас сэрэмжлүүлжээ. Энэ хоёр үйл явдал нь өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт болсон 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Францын Полинез, Чилид цунамийн сэрэмжлүүлэг гаргахад хүрсэн юм.


Оросын мэргэжилтнүүд өнгөрсөн лхагва гарагт болсон газар хөдлөлтөөс хойш хэдэн долоо хоногийн турш газар хөдлөлтийн дараах хүчтэй чичирхийллүүд бүртгэгдэж болзошгүйг анхааруулж байна. Уг байгалийн гамшиг нь түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болсон бөгөөд олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн билээ.


Ням гарагт Курилын арлуудад болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн нөлөөгөөр 18 см хүртэлх өндөр давлагаа үүсэж болзошгүй гэж Оросын Онцгой байдлын яам мэдээлжээ. Мөн далайн давалгаа багатай эсэхийг үл харгалзан эргээс хол байхыг Камчаткийн гурван бүсийн оршин суугчдад сэрэмжлүүлсэн байна.


Камчаткийн галт уулын дэлбэрэлтийн уршгийг арилгах багийн ахлагч Ольга Гиринагийн хэлснээр, Крашенинников галт уулын хамгийн сүүлийн дэлбэрэлт 15 дугаар зуунд бүртгэгдэж байжээ. Түүнчлэн энэ удаагийн дэлбэрэлт нь 8.8 магнитудын газар хөдлөлттэй холбоотой байж магадгүй гэж хэлснийг РИА Новости агентлаг уламжилсан байна. Камчаткийн хойг нь алслагдмал боловч газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт их болдог Номхон далайн галт цагариг-т оршдог.  

相关新闻