Хонконгт цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-05 14:37:55

ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. Хүчтэй аадар бороо орж байгаатай холбогдуулан Хонконгийн Цаг уурын товчоо цаг агаарын аюулын хамгийн өндөр буюу “хар” түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Азийн санхүүгийн нийслэлд эмнэлэг, сургууль, шүүх, бүртгэлийн газрууд үйл ажиллагааг түр зогсоогоод байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын өмнөд хэсэгт нүүрлэсэн үерийн улмаас Гуандун мужид таван хүн амиа алдаж, 1300 гаруй аврагчийг хамарсан өргөн цар хүрээтэй эрэн хайх ажиллагааг явуулжээ.


“Хүчтэй аадар борооны улмаас зам үерлэж, замын түгжрэл үүсэж болзошгүй. Иргэдийг аюулгүй газар хоргодохыг зөвлөж байна” гэж Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвийн цахим хуудсанд мэдээлсэн байна.


Хонконг болон ойролцоох Гуанжоу хотод цагт 60-90 мм хур тунадас унаж байна гэж Хятадын Цаг уурын албанаас мэдээлжээ. Хонконгт жилд дунджаар 2220 мм хур тунадас унадаг бөгөөд үүний талаас илүү хувь нь зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд ордог.


Хонконгийн хөрөнгийн бирж өнгөрсөн оны сүүлээр өөрчлөлт оруулсан бодлогын дагуу цаг агаарын ямар ч нөхцөлд арилжаагаа үргэлжлүүлж байна. Эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасаг нээлттэй хэвээр байх боловч амбулатори, ахмад настны болон сэтгэцийн тасгууд цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас түр хаагдах ажээ.


Шүүхийн байгууллага “хар” түвшний сэрэмжлүүлгийг цуцалснаас хойш хоёр цагийн дотор шүүх, бүртгэлийн газрууд нээгдэнэ гэж мэдэгдсэн байна. Мөн шуурганы сэрэмжлүүлэг дуусах хүртэл бүх хүргэлтийн үйлчилгээг түр зогсооно гэж шуудангийн газраас мэдээлжээ.


Хотын нисэх онгоцны буудалд ямар нэгэн саатал гарсан тухай мэдээлэл алга байна. Хонконгийн “Диснейленд” парк нээлттэй байгаа бөгөөд хязгаарлагдмал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

 


相关新闻