Ховд хотын захирагч ажлаа хүлээж авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2016 оны 11-р сарын 02-ны өдөр хуралдсан. Уг хуралдаанаар Жаргалант сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд МАН-аас сумын намын хорооны дарга Ц.Ганданповрон 31 төлөөлөгчийн 16 буюу нийт төлөөлөгчдийн 51.61 хувийн санал авч Жаргалант сумын засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн юм.
Жаргалант сум нь тус аймгийн төвийн сум буюу 350 гаруй жилийн түүхтэй эртний Ховд хот. Өнгөрсөн дарван жилийн хугцацаанд Ховд хотод шинээр асар олон бүтээн байгуулалт, орон сууц, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, явган хүний зам, машины зогсоол, цэцэрлэг, мод зүлэг услах усалгааны төхөөрөмж гээд хол ойрынхны сэтгэлд хүрсэн бүтээн байгуулалт хийгдсэн билээ.
Ховд аймгийн Засаг дарга өчигдөр Ц.Ганданповроныг Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагчаар батламжилсаны дагуу Жаргалант сумын Засаг дарга Д.Баасандоржоос үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.
Шинэ засаг даргын ажлыг хүлээн авч буй Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон” Ард түмнийхээ төлөө ажиллаж, намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Ховд хотыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, болон бусад бодлогын баримт бичигт тулгуурлан, төрийн ажлын залгамж халааг алдагдуулахгүйгээр шудрага ажиллахаа илэрхийллээ”.
Тэрээр өмнөх засаг дарга Д.Баасандорж даргын хийж хэрэгжүүлж байсан үр дүнтэй, сайн ажлуудыг цаашид үргэлжлүүлэн, Ховд хотоо хөгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, баг хамт олонтойгоо хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ховд аймгийн сумдад ИТХ-ын хурал болж сумдын засаг дарга нарын нэрийг дэвшүүлж, аймгийн засаг дарга батламжуулах ажил ид явагдаж байна. Энэ оны 11-р сарын 11 гэхэд бүх сумдын Засаг дарга нар бүрэн томилогдож дуусах юм байна.
А.Бямбасүрэн