Дорноговьчууд нутагтаа сайхан амьдрах боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-10 10:53:21

Уул уурхайн лицензийн тоогоороо улсад тэргүүлдэг ч орон нутгийн иргэд нь хангалттай  ажлын байргүй, авдаг цалин хөлс нь амьдралд хүрэлцээ муутай байдаг зэрэг олон сөрөг хүчин зүйл оршсоор ирсэн Дорноговь аймагт энэ чиглэлээр эрс шинэчлэл хийгдэх боломж гарч байна.

Учир нь Дорноговь аймгийн ЗДТГ-аас уул уурхай эрхэлдэг аж ахуйн хариуцлагыг дээшлүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд хотноо энэ сарын эхээр санаачлан зохион байгуулсан "Хариуцлагатай уул уурхай-Хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөлгөөнөөр хэд хэдэн чухал суудлыг албаныхан хөндөж уул уурхайн компаниудын төлөөлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аж.

Гэрээний зарим заалтаас дурдахад Дорноговь аймагт уул уурхай эрхэлдэг л бол уг компани ажиллах хүчний нөөцийнхөө 60 хүртэлх хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх, шаардлагатай бараа, ажил үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүнийг сум, орон нутгийн ААН, иргэдээс худалдан авах, байгаль орчны болон нийгмийн хариуцлагыг шинэ шатанд гаргах зэрэг  орон нутгийн иргэдийн  эрх ашигт нийцсэн  заалтыг тусгажээ.

Ингэснээр орон нутгийн ард иргэд байнгын ажлын байраар хангагдаж нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэх төдийгүй бизнес эрхлэгчдийн хувьд мөн л бараа ажил үйлчилгээгээ борлуулах зах зээлтэй болох боломжтой  болжээ. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, ажил хариуцсан агентлаг, хэлтсийн дарга нар,  уул уурхайн 60 гаруй компанийн төлөөлөл оролцжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻