Уулзах газар - Эльмендорф-Ричардсон цэргийн бааз

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-14 15:42:52

АНКОРИЖ, 2025 оны наймдугаар сарын 14 /ТАСС/. Маргааш буюу баасан гарагт АНУ-ын Аляск муж улсын Анкориж хот дахь Эльмендорф-Ричардсон гэдэг цэргийн баазад ОХУ, АНУ-ын удирдагчид уулзах гэж байна.  


Энэ бол хуурай замын цэргийн Форт Ричардсон бааз ба агаарын цэргийн хүчний Эльмендорф бааз нэгдсэнээр 2010 онд байгуулагдсан бааз юм. Эльмендорф бол туршилтын нислэг хийж байгаад амиа алдсан агаарын цэргийн хүчний ахмад Хью Мерле Эльмендорфийн нэрээр, Форт Ричардсон нь Аляскийг судлаач, газарзүйч Уилдс Престон Ричардсоны нэрээр нэрлэгдсэн баазууд юм.


Одоо Эльмендорф-Ричардсон баазад агаарын цэргийн хүчний 11 дүгээр арми, агаарын десантын 11 дүгээр дивиз, агаарын цэргийн 3 дугаар дивиз, агаарын цэргийн хүчний тагнуулын 381 дүгээр эскадрил, Аляскийн Үндэсний гвардын 76 дугаар дивиз байрлаж байна. Мөн энд хуурай замын цэргийн хүчний анги нэгтгэлүүд байрладаг.


Түүнчлэн Аляскийн бүс нутаг дахь Хойд Америкийн агаар-сансрын хамгаалалтын командлалын штаб, АНУ-ын зэвсэгт хүчний Аляскийн командлал үйл ажиллагаа явуулдаг.


Тус баазын нутаг дэвсгэрт сургалтын ба судалгааны төвүүд болон агаарын хөдөлгөөнийг хянах Anchorage ARTCC удирдлагын төв байрладаг. Баазын дэд бүтцийн үнэлгээ 12 тэрбум доллар бөгөөд одоогийн байдлаар, нисэх-буух зурвасыг өргөтгөх 360 сая долларын өртөгтэй ажил явагдаж байна.   


Тус баазад одоогоор 5500 гаруй цэргийн алба хаагчид болон энгийн ажилтнууд үүрэг гүйцэтгэдэг.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсон 1971 онд Японы Эзэн хаан Хирохитотой тус баазад уулзаж байжээ. Тухайн үед Эзэн хаан Европ руу нисэх замдаа Анкориж хотод бууж, 110 минутын хугацаанд онгоцоо цэнэглэжээ. Энэ бол Японы Эзэн хаан анх удаагаа улс орноосоо гарч явсан тохиолдол учраас анхаарал татсан үйл явдал байлаа.  

相关新闻