А.Вучичийг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн ширүүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕЛГРАД, 2025 оны наймдугаар
сарын 15 /DW/. Ерөнхийлөгч Александр Вучичийг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн
хооронд дэгдсэн мөргөлдөөн Серб улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Үүний улмаас 30 орчим хотод 42
цагдаагийн ажилтан шархдаж, 37 хүн баривчлагдсан тухай Дотоод хэргийн сайд
Ивица Дачич баасан гарагт шилжих шөнө мэдэгдлээ.
Сербийн хойд нутгийн Нови-Сад
хотод эсэргүүцлийн жагсаалд оролцогчид А.Вучичийн Сербийн Дэвшилтэт намын төв
байранд дайран орсон бол Белградад галт бамбар шидэж, эмх замбараагүй байдал
үүсгэжээ. Нови-Сад хотын цагдаа нар жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ аваагүй
гэж сайд Дачич шүүмжилсэн байна. “Оюутнуудын тайван жагсаал бус харин төр засаг
руу уулгалан дайрсан хэргүүд гарсан” гэж тэрбээр мэдэгджээ.
Ерөнхийлөгч А.Вучич мэдэгдэхдээ, цагдаа, шүүх, прокурорын байгууллагуудад шинэчлэл хийнэ гэж амласан байна. Эсэргүүцэл дэгдэх болсон гол шалтгаан нь, 2024 оны 11 дүгээр сарын 1-нд Нови-Сад хотын төмөр замын буудал бетонон дээвэр нурсны улмаас 16 хүн амиа алдсан хэрэгтэй холбоотой юм. Эмгэнэлт явдлын дараа Барилгын сайд Горан Весич огцорч, вокзалын барилгын ажилтай холбоотой 12 хүнийг баривчилсан байна.
Гэсэн хэдий ч 1996 оноос хойш үзэгдээгүй эсэргүүцлийн хүчтэй давлагаа дэгдсэн бөгөөд түүнд оролцогчдын үзэж
байгаагаар, Нови-Садын эмгэнэлт явдлын шалтгаан нь авлига, цалгар назгай байдал,
аюулгүй ажиллагааны дүрэм журмыг үл хайхрах, Сербийн төр засагт ураг төрлийн
харилцаа газар авсан явдал ажээ.
Эсэргүүцэгчдийн шаардлагаар
Ерөнхий сайд бөгөөд Нови-Сад хотын дарга асан Милош Вучевич огцорсон байна. Гэсэн
хэдий ч эсэргүүцлийн ажиллагаа есөн сарын турш үргэлжилж байгаа юм.
Лхагва гарагт А.Вучич мэдэгдэл
гаргаж, иргэний дайныг зогсоож, Белград, Нови-Сад хотуудын гудамжийг “танхай
этгээдүүд ба алуурчдаас чөлөөлөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр цагдаагийн
газрын удирдлагын төвд хэсэг хугацаанд ажиллажээ.