Газар тариалан түлхүү хөгжсөн төвийн бүсийн аймгуудтай хамтран ажиллахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-21 09:33:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан энэ сарын 15-нд “Нийгата-Монголын найрамдлын нийгэмлэг”-ээс зохион байгуулсан семинар, 2025 оны ээлжит хуралдаан, хүндэтгэлийн хүлээн авалтад тус тус оролцов.


“Нийгата-Монголын найрамдлын нийгэмлэг”-ийн 2025 оны ээлжит хуралдаанд Элчин сайд Б.Баярсайхан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050 ба Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын төвийн бүсийн талаар танилцуулж, Японы Коошинэцү бүс буюу Нийгата, Нагано, Яманаши мужийг газар тариалан түлхүү хөгжсөн төвийн бүсийн аймгуудтай хамтран ажиллахыг уриалав. Мөн ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Шандас эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хуралдаанд оролцогчдын асуултад хариулав.


Мөн хуралдаанд Нийгата мужийн захирагч Ханазүми Хидэо, Нийгата хотын дэд дарга Ножима Шооко, “Нийгата хотын Олон улсын харилцаа, найрамдлын нийгэмлэг” сангийн Ажлын албаны дарга Икэда Хироя тэргүүтэй улс төр, бизнесийн 100 гаруй төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

相关新闻