Хэмнэлтийн бодлогыг төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлан хэрэгжүүлэх ёстойг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-20 07:57:04

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулахаар бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой тогтоох, үр ашиггүй зардлыг танах, хэмнэх талаар Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай үүрэг өгсөн. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл, харьяа компаниудын удирдлагатай уулзаж албан даалгаврын биелэлттэй танилцлаа.


“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тус нэгдлийн өөрчлөлт, шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулав. Орлогоо нэмж, зардал багасгах төлөвлөгөөг гурван үе шаттай боловсруулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компани нийт 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхийг зорьж байна. “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр багассан. “Эрдэнэс Тавантолгой” 199 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 320 тэрбум, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хойшлуулжээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1.3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргажээ.


Ерөнхий сайд Г.Занданшатар “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжийг нэмэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилт. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд данхар бүтэцтэй, бүтээмж муу байгааг олон нийт шүүмжилж байна. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд 188 мянган иргэн санал ирүүлснээс 38 мянга нь төрийн өмчийн компаниудыг татан буулгах, үргүй зардал, нүсэр бүтцийг цомхотгох санал өгсөн. Засгийн газар иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч, ажил хэрэгч саналыг сонсож, дэмжиж ажиллана.


“Эрдэнэс Монгол” нэгдэл газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд шударга хуваарилах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Та бүхэнд дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах боломж бий. Энэ онд орлого нэмэх төлөвлөгөөг дөрвөн их наядаас бууруулахгүй байхыг үүрэг болгож байна” гэлээ. Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн болон төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстойг Ерөнхий сайд сануулав.


Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээ, улсын төсөвт оруулах татвар, хураамжаа нэмж Үндэсний баялгийн санг арвижуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулаад, нэгдлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны төлөвлөлт, удирдлагатай байх нь зүйтэй гэлээ. 

 

相关新闻