Перу улс Мексикээс дипломат харилцаагаа тасалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
                                                                    ЛИМА, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /AP/. Бослогын хэргээр шалгагдаж буй Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгож байгаатай холбогдуулан Мексиктэй тогтоосон дипломат харилцаагаа тасалж буйгаа Перугийн Засгийн газар даваа гарагт мэдэгджээ.
Перугийн Гадаад хэргийн сайд Уго де Зела сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Б.Чавесыг Перугийн нийслэл Лима хот дахь Элчин сайдын яамны байрандаа орогнуулах Мексикийн шийдвэр нь хоёр улсын хоорондох одоогийн хурцадмал байдлыг улам бүр даамжруулсан “найрсаг бус үйлдэл юм” гэв. Перугийн Ерөнхийлөгч Хосе Херигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд Мексикийн Засгийн газрыг Өмнөд Америкийн тус улсын дотоод хэрэгт “удаа дараа” хөндлөнгөөс оролцсон гэж буруутгажээ.
Хууль сахиулагчид Б.Чавесыг 2022 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Педро Кастильогийн эсрэг импичментийн санал хураалтад хууль тогтоогчдыг бэлтгэж байх үед онц байдал зарлаж, Перугийн парламентыг тараах гэсэн оролдлогод оролцсон хэмээн буруутгаж байна. П.Кастильо цэргийнхний дэмжлэгийг авч чадаагүй бөгөөд Конгресс түүнийг хурдан хугацаанд албан тушаалаас нь огцруулж, прокурорууд түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгасны дараа баривчилжээ.
Перугийн Ерөнхий прокурорын газраас Б.Чавесыг төрийн эрх мэдлийн эсрэг бослого гаргасан гэмт хэргийн хамсаатан гэж буруутгасан байна. Улмаар П.Кастильогийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнийг 25 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхийг шаардаж байна.
“Ерөнхийлөгч асан Педро Кастильогийн хийхийг оролдсон төрийн
эргэлтийг хамтран зохион байгуулагч гэгдэж буй Ерөнхий сайд асан Бетси Чавест
Перу дахь Мексикийн Элчин сайдын яамны байранд орогнол олгож байгааг өнөөдөр
бид мэдээд ихэд гайхширч, гүнээ харамсаж байна” гэж У.Зела сэтгүүлчдэд мэдэгджээ.
Мексикийн Засгийн газар Перугийн шийдвэрийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
        Ulaanbaatar