Италийн шадар сайд Францын Ерөнхийлөгчийг үгээр дайрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2025 оны наймдугаар сарын 24 /DW/. Италийн засгийн газрын шадар сайд Маттео Сальвини Францын Ерөнхийлөгч Э.Макронд хандан “зохисгүй агуулгатай мэдэгдэл” хийсэнтэй холбогдуулан Францын Гадаад харилцааны яам тус улсад суугаа Италийн элчин сайдыг дуудан ирүүлж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тодруулбал, Орос-Украины хооронд
энхийн гэрээ байгуулсны дараа Европын орнуудын цэргийг Украин руу илгээхийг
дэмжсэн Францын Ерөнхийлөгчийг Сальвини лхагва гарагт хатуу шүүмжилсэн үг
хэлжээ. “Италийн цэргүүдийг Украин руу явуулна гэнэ үү? Ёстой үгүй шүү. Хэрвээ
Макрон хүсээд байгаа бол дуулгаа өмсөөд, винтовоо бариад, өөрөө Украин
руу яваарай” гэж шадар сайд хэлснийг хэвлэлүүд эш татсаар байна.
Францын хэт барууны үзэлт улстөрч Марин Ле Пентэй үзэл бодол ойр хүн гэгддэг Сальвини өмнө нь Украиныг дэмжсэнийх нь төлөө Францын Ерөнхийлөгчийг нэг бус удаа үгээр дайрч байжээ. Гуравдугаар сарын 7-нд Милан хотод очих үеэрээ Сальвини Европыг Оростой дайтахад түлхэж буй Макроныг “галзуу солиотой” гэж байсан бол үүнээс өмнө “чалчаа”, “дайныг өдөөгч” гэх зэргээр нэрлэж байв.
Сальвинигийн мэдэгдэл нь Франц,
Италийн хоорондын итгэлцлийн
уур амьсгал ба Украиныг тууштай дэмжинэ гэсэн хоёр улсын зөвшилцөлд харшилж
байна гэж Францын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Сальвини Италийн эрх баригч
эвслийн бүрэлдэхүүнд багтаж буй хэт барууны “Лига” намыг 10 гаруй жилийн турш удирдаж
байгаа юм. Тэрбээр 2022 оны 10 дугаар сараас хойш Сайд нарын зөвлөлийн орлогч
дарга, Дэд бүтэц, тээврийн сайдын албыг хашиж байна. 2018-2019 онд Жузеппе
Контегийн засгийн газарт шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдаар ажиллаж
байжээ.
Блүүмбэрг агентлагийн
мэдээлснээр, энэ сарын 19-ний өдөр Европын улсуудын удирдагчид цахим уулзалт
хийх үеэрээ Орос-Украины хооронд энхийн гэрээ байгуулсны дараа Их Британи,
Францын цэргүүдийг Украинд илгээх асуудлыг хэлэлцсэн юм. Нэрээ нууцалсан
эх сурвалжуудын ярьснаар, Их Британи, Франц зэрэг 10 орчим улс Украин руу
цэргээ илгээхэд бэлэн байгаа ажээ.