Испанид түүхэнд үзэгдээгүйгээр их халж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-25 16:12:53

МАДРИД, 2025 оны наймдугаар сарын 25 /AFP/. Испанид энэ сард 16 хоногийн турш үргэлжилсэн хэт халууны үеэр түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт бүртгэгдсэн талаар тус улсын цаг уурын агентлаг ням гарагт мэдээлжээ.


Испанийн хойд болон баруун нутгуудад ой хээрийн түймэр дүрэлзсээр буй энэ үед наймдугаар сарын 3-18-ны хооронд тохиосон хэт халууны урьдчилсан мэдээллээс үзэхэд, 2022 оны долоодугаар сард бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлтээс давж, агаарын дундаж хэм өмнөхөөс 4.6 хэмээр өндөр байсан гэж AEMET цаг уурын агентлаг мэдээлсэн байна.


Мөн наймдугаар сарын 8-17-ны хоорондох 10 хоног нь Испанид 1950 оноос хойш анх удаа хамгийн халуун өдрүүд удаан үргэлжилсэн тохиолдол боллоо. Наймдугаар сарын хэт халууны улмаас ой хээрийн түймэр дэгдэж, дөрвөн хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэрээ орхин явахаас аргагүйд хүрсэн байна. Мөн хөрш Португал улсад дөрвөн хүн түймэрт өртөж амиа алджээ.


III Карлосын нэрэмжит эрүүл мэндийн хүрээлэнгээс мягмар гарагт гаргасан тооцооллоор, Испанид наймдугаар сарын хэт халууны улмаас 1100 гаруй хүн нас барсан байна. Долоодугаар сард 1060 хүн нас барсан нь хэт халуунаас үүдэлтэй байж болзошгүй гэж тус хүрээлэн өмнө нь мэдэгдсэн бөгөөд үүнийг 2024 оны долоодугаар сарынхтай харьцуулахад 50 хувиар өсжээ. AEMET 1975 оноос холбогдох бүртгэл мэдээллийг хөтөлж эхэлснээс хойш Испанид 77 удаагийн хэт халалт  бүртгэгдсэний зургаан тохиолдолд ердийнхөөс 4 ба түүнээс дээш хэмээр халсан байна. Тэгвэл тэдгээрийн тав нь 2019 оноос хойш бүртгэгджээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий даяар илүү урт хугацаанд илүү их аагим халуун илүү ойр ойрхон болж байгааг судлаачид хэлж байна. Тус агентлагаас мэдэгдсэнээр, энэ зун өмнөх арван жилийнхээс илүү халуун байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй ажээ. “Зун бүр өмнөхөөсөө илүү халуун байдаггүй боловч илүү халуун зун болох хандлага ажиглагдаж байна. Хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, сааруулах нь чухал” гэж тайланд бичжээ.


Испанийн хойд нутгуудад асаж буй түймэр өнгөрсөн долоо хоногт 350 мянга гаруй га талбайг хамарч, он гарснаас хойш 400 мянга гаруй га талбай сүйдсэн бөгөөд одоо л түймрийг цурманд оруулж эхэлж байна. Одоогийн байдлаар Европын есөн орны гал сөнөөгчид болон гал унтраах зориулалттай нисэх онгоцууд Испанийн онцгой байдлын албаныханд дэмжлэг үзүүлж байна.


Түүнчлэн Португалд өнгөрсөн бямба гарагт ойн түймрийн улмаас дөрөв дэх хүн амиа алдсаныг зарлажээ. 45 настай гал сөнөөгч эрэгтэй өнгөрсөн долоо хоногт гал унтрааж байхдаа хүнд бэртсэн байна. Одоо үргэлжилж буй хэт халууны улмаас Португалд 60 мянга гаруй га, он гарснаас хойш нийт 278 мянга гаруй га талбай шатан сүйджээ.

 


相关新闻