ДЦС, цэвэрлэх байгууламж барих түншлэлтэй гэрээ байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслөөр бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина.
Энэ хүрээнд 24 МВт хүчин чадалтай ДЦС, цэвэрлэх байгууламжийн ажилд EPC+F
нөхцөлтэй нээлттэй тендер зарласан.
Гүйцэтгэгчээр хөрөнгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын "Хуа Зи Технологи"
ХХК, "Хуа Ши Энержи
Индастри" ХХК-ийн түншлэл шалгарч, өнөөдөр иж бүрэн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Тус
түншлэл нь 70 гаруй орны дэд бүтцийн төсөлд оролцсон, 30 жилийн туршлагатай аж.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал
Б.Мягмар ярихдаа “2009 оноос хойш 15 ярьсан төсөл бодит ажил хэрэг болоход ойртлоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар
байгуулсан ажлын хэсэг гэрээний хэлэлцээр хийлээ.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн суурь хоёр дэд бүтцийн барилга байгууламж нь 24 МВт хүчин чадалтай, жилд 156 сая кВт.ц
цахилгаан эрчим хүч, 265.6 мян Г.кал дулааны эрчим хүч үйлдвэрлэх ДЦС, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай ахуйн
болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж юм. Иж бүрэн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг
гүйцэтгэх EPC+F нөхцөлтэй тендерийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын түншлэл шалгарсан. Ирэх оны эхний улиралд барилга
угсралтыг эхлүүлж, 2027 онд дуусгана” гэв.
Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь жилд 7.5 сая ширхэг арьс
шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган
тонн дайвар түүхий эдийг олон улсын стандартын шаардлага хангасан байгальд
ээлтэй аргаар боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын түүхий эдийн
43.5 хувийг дангаар боловсруулах хүчин чадалтай байх юм.
Нийт 5600 орчим ажлын байр бий болгож, хөрөнгө оруулалтаа
6.7 жилийн хугацаанд нөхөх бөгөөд 1.72 их наядын орлого олж, татварт 86.3
тэрбум төгрөгийг бүрдүүлэхийг зорьж байгаа аж.