Зориулалтын зогсоолд байрлуулаагүй скүүтэр, мопедыг ачиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-08-28 11:34:26

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн явган хүний замд замбараагүй байршуулсан түрээсийн мопед, скүүтэрийг цэгцлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт Бага тойруу орчмын 105 байршилд 2460 зогсоол хийж эхэлсэн.


Тэгвэл өнөөдрөөс зогсоолын бус газарт байршуулсан скүүтэр, мопедыг ачих ажлыг эхлүүлсэн байна. Учир нь явган хүний зам дээр мопед, скүүтэрийг замбараагүй орхисноос үүдэн зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсээд байгаа юм. Тиймээс мопед, скүүтэр хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуй нэгжүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хүндлэлтэй хандаж зориулалтын байршилд байршуулж хэвшихийг уриалав.


Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтэртэй зорчиж аваар осол гаргах, хүнд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ хүрээнд дээрх асуудлаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж тулгамдсан суудлыг шийдэх талаар ярилцаж, шаардлага тавьжээ. Уулзалтын үеэр насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй байх хязгаарлалтыг апплейкшн дээр яаралтай тохируулахыг сануулсан байна.


Мөн эцэг, эхчүүдэд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд скүүтэр, мопед унаж байгаад осол аваар, хэрэг зөрчил гаргасан бол эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг судлах талаар цагдаагийн байгууллагад үүрэг өгчээ. 



相关新闻