Шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан П.Цагаанд “Хубилай хаан” медаль хүртээв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагааныг шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагналаа.
Энэхүү шагнал гардуулах ёслол өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд болов.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Олон улсын Монголч эрдэмтдийн XI их хурлыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, монгол хэл бичиг, соёл, түүх, үндэсний урлагийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах чиглэлд санаачилга, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн ийнхүү "Хубилай хаан" шагнал гардуулав.
ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, академич Д.Рэгдэл шагнал гардуулах үеэр, “П.Цагаан түүх, эх хэл, үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хойч үедээ таниулах зэргээр Монгол Улсын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсын ШУА-ийн хийж амжаагүй байсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг байгуулсан.Энэ төвийг байгуулснаар Монгол Улсыг цаашлаад аймаг, дүүргийн хөгжлийн хэмжүүртэй болгож өгсөн. Мөн газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан 500 малчин өрхийн лааны хэрэглээг халж, хөдөөд соёлын үрийг тарих эхлэлийг тавьсан гавьяатай. Тиймээс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж ШУА-ын дээд шагналаа гардууллаа" гэв.
Эдийн засагч, хууль эрхзүйч П.Цагаан хэлэхдээ, “Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн 95, ШУА-ийн 55 жилийн ой таширлан тохиож буй энэ онд академийн дээд шагнал “Хубилай хаан” медаль хүртэж байгаадаа бэлгэшээж байна. Миний санаачилж, оролцож, дэмжиж хийж хэрэгжүүлсэн ажлын ихэнх нь монгол хэл, соёл, түүхийн салбартай холбоотой байдгийг Та бүхэн анзаарсан буй за. Энэ нь төрж өссөн монгол ахуй, эцэг эхийн сургаал, унаган хүмүүжил, таньж нээсэн ертөнцтэй минь уялдаатай. Улс орон оршин тогтнох дархлаа, алтан аргамжаа болсон эх хэлээ яруу тансаг хэвээр хадгалахын тулд хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачдыг уриалж, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан 60 мянга гаруй толгой үг, 80 мянган холбоо үг бүхий “Монгол хэлний их тайлбар толь” бүтээх ажлыг зохион байгуулж, бодит ажил хэрэг болгож чадсандаа баяртай явдаг. Өнөөдөр энэхүү толь хамгийн олон хандалттай сайт болсныг сонсоод бүр ч их баяртай байна" гэв.
2008 оноос олгож буй тус шагналыг шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын 100 гаруй эрдэмтэн, судлаач, төрийн зүтгэлтэн хүртээд байгаа аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ