Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, УДЭТ-ын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн баярт зориулан УДЭТ, МЗЭ, Монголын урлагийн ажилтны холбоо зэрэг байгууллага өнөөдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
УДЭТ-аас их зохиолчийн өндөр ойд зориулан “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгээ үзэгч түмэндээ толилуулж буй бол МЗЭ оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадмаа Д.Нацагдоржийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.
Энэ үеэр УДЭТ-ын захирал, УГЗ Д.Цэрэнсамбуу хэлэхдээ, “Д.Нацагдоржийн үйл хэргийг Монголын ард түмэн, тэр тусмаа манай соёл урлагийн салбарын уран бүтээлчид мартах эрх байхгүй. Үйл хэргийг мөнхжүүлж байх ёстой. Нөгөө талаар 1966 оны АИХ-ын тэргүүлэгчдийн 154-р зарлигаар УДЭТ-ыг Нацагдоржийн нэрэмжит театр болгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ цагаас хойш театр, Нацагдорж гэдэг нэр хамт явж иржээ” гэсэн юм.
Цэцэг өргөх ёслолд Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн хамт олон болон тайз дэлгэцийн үе үеийн нэрт жүжигчид хүрэлцэн иржээ.
Ж.Болор