Афганистанд амь эрсэдсэн хүний тоо 1400 давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-09-03 12:04:28

КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 3 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн шөнө болсон сүйтгэлт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1400 гаруйд хүрсэн гэж тус улсын түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид мягмар гарагт мэдэгджээ.


Зүүн нутгийн дөрвөн мужид одоогийн байдлаар 3251 хүн гэмтэж бэртээд байгаа бөгөөд 8000 гаруй байшин барилга нуржээ. Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлснээр, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа боловч олон хүн нурангид дарагдсан хэвээр байна.


Хамгийн их хохирол амссан Кунар мужид л гэхэд 1411 хүн амиа алдаж, 3124 хүн гэмтэж бэртсэнээс гадна 5412 байшин сүйджээ. Эрх баригчид Нангархар, Лагман, Панжшир зэрэг гурван мужийн мэдээллийг нэгтгэн танилцуулах үед амь үрэгдэгсдийн тоо улам нэмэгдэж болзошгүй байна.


Афганистаны Талибан” хөдөлгөөнийхөн 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд эргэн гарснаас хойш тус улсад болсон гурав дахь хүчтэй газар хөдлөлт энэ болж байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, ням гаргийн шөнө орон нутгийн цагаар 23.47 цагт буюу оршин суугчдын ихэнх нь унтаж амарч байх үеэр Жалалабад хотоос зүүн хойд зүгт 27 км зайд 8 км-ийн гүнд газар хөдөлжээ.


Сүйтгэлт газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн тосгон сүйдсэнээс Кунар мужид хамгийн их хохирол учирсан байна. Тус муж дахь Афганистаны түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Абдул Гани Anadolu агентлагт мэдээлснээр, аврах, тусламж үзүүлэх баг гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хэдийн очжээ. “Олон хүн нурангид дарагдсан хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй” гэж тэрбээр хэлсэн байна.


Афганистаны түр засгийн газар байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу даваа гарагт эмнэлгийн баг, тусламжийн бараа илгээжээ. А.Ганигийн хэлснээр, Кабулаас илүү их тусламж ирж байгаа ажээ. Түүнчлэн хөрш Пакистан, Иран, Хятад, Энэтхэг зэрэг хэд хэдэн улс, мөн барууны орнууд Афганистанд тусламж илгээхээ мэдэгдээд байна.

相关新闻