“Урлахуйн өв" гэр бүл, үе дамжсан уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-04 13:44:29

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд толилуулж байна.  


Энэхүү үзэсгэлэнд нэрт зураач Ү.Ядамсүрэнгийн уран бүтээлээс гадна гэр бүлийн фондод хадгалж буй ховор нандин бүтээл, ном товхимол, гэргийнх нь урласан зээгт наамал, хүү Төрийн шагналт Я.Үржнээ, охин Я.Заяа, Я.Туяа, зээ охин Я.Булган нарын эх бүтээлийг дэлгэснээрэээ онцлогтой. Мөн "Анима” сургуулийн  багш, оюутнууд, шинэ үеийнхний оролцоог илэрхийлсэн 120 гаруй бүтээл олны хүртээл болж байна.


Зураач Ү.Ядамсүрэн агсны гэргий Я.Люня зээгт наамлын чиглэлээр уран бүтээлээ туурвиж байсан бол ач охин Я.Булган  нь 30 гаруй жилийн өмнө Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийг байгуулж, өнөөг хүртэл уламжлалыг үргэлжлүүлж байна. 


Ташрамд дурдахад, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” зургийн түүх нь үндэсний уламжлал, өв соёлыг монгол зургийн аргаар илэрхийлэхдээ тухайн үед нэрийг нь ч дурсахад хориотой байсан Чингис хааныг гол дүрээ болгосон гэж зарим судлаач үздэг.  Харин өөр нэг хэсэг нь Гандан хийдийн Цэрэннадмид хэмээх хуврагийг натур болгосон гэж  үздэг. Монгол соёлын улбаа, монгол хүний уугуул мөн чанарыг илтгэгч, орчлон ертөнцтэй хөг эгшгээр холбогдон өвгөдийн түүхийг хайлагч, туульч өвгөний дүр бүтээхийг Монгол Улсын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэнд эрдэмтэн зохиолч Б.Ринчен санал болгосон аж. 


Ү.Ядамсүрэн нь Монгол Улсын анхны Ардын зураач төдийгүй, уламжлалт монгол зургийн дэг сургуулийг үндэслэгч, олон шавь бэлтгэсэн багш байсан юм. Түүний гэр бүл, үр хүүхдүүд болон “Анима” сургуулийн уран бүтээлчид өв соёлыг залгамжлан, шинэ цагийн урлагийн орчинд түүний нэр, бүтээлийг амьдруулсаар байна.


“Урлахуйн өв” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл олны хүртээл болох юм. 



















相关新闻