Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Өгий нуурыг хамгаалах цогц ажил хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны таван төсөл хэрэгжүүлж байгаа нь Хөвсгөл
нуур, Ганга нуур, Хэрлэн гол, Өгий нуур, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт буй
Бумбат рашаан юм. Энэ удаад Өгий нуурыг хамгаалах цогц ажлын тухай ЕТГ-ын
Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруулаас
тодрууллаа.
-Ганга нуур, Хөвсгөл нуурыг хамгаалж буй оновчтой ажлыг Өгий нуурт хэрэгжүүлж, тус нуурыг
хамгаалах ажил дөрвөн
багц ажлын хүрээнд хэрэгжиж байгаа. Ямар ямар үр дүн гарч байна
вэ?
-Тийм ээ, Хөвсгөл болон Ганга
нууруудыг хамгаалсан сайн жишиг ажлуудыг Өгий нуурт хэрэгжүүлж байна. Хөвсгөл
нуурт живсэн 11 машин техникийг татан
гаргасан бол энэ удаад Өгий нуурын ёроолд байгаа их хэмжээний загасны торыг
гаргаж бүрэн цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн Ганга нуурыг хамгаалж 16 км хашаа
татаж экосистемийг нь сэргээсэн сайн
жишиг ажлыг Өгий нуур дээр хэрэгжүүлж ус намагтай хэсгийг хамгаалж 10км хашаа
татаж дууслаа. Ингэснээр Өгий нуурт ирэх 250 орчим төрөл зүйлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдсан.
-Ер нь, байгалийн үзэсгэлэнт, цэнгэг
уст Өгий нуурын ус багасаж, бохиртоход нөлөөлсөн гол хүчин зүйлс юу байв?
-Өгий нуур сүүлийн хэдэн жилд маш их бохирдолтой байсан. Хүний буруутай үйл ажиллагаанаас гадна цорын ганц эх цутгал нь болох хөгшин Орхон голын урсац багассан нь бохирдох үндсэн шалтгаан болсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Өгий нуур хамгаалах цогц ажлыг 2023 онд эхлүүлсэн юм.
Өгий нуурыг хамгаалах цогц ажлын хүрээнд хөгшин Орхон голыг хамгаалах, урсцыг нь сайжруулах ажлыг нэн түрүүнд хийсэн. Хөгшин Орхон голын голдирлыг хэд хэдэн газар өөрчилсөн байсныг засаж, урсцыг нь сайжруулж байна. Мөн Орхон голоос Хөгшин Орхон гол руу ус татах 17км сувгийг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ус дамжуулах сувгаар Хөгшин Орхон голын урсцыг сайжруулж Өгий нуурын усны балансыг тэнцвэржүүлэх юм.
Мөн Өгий нуурт 19 завь усан замын тээвэр хийж байна.
Өгий нуурын загас ихтэй баруун хэсэгт моторт завь оруулахгүй байх хязгаарлалтын
хөвүүрийг байршуулсан. Ингэснээр Өгий нуурын загасны амьдрах, үржих таатай нөхцөлийг
бүрдүүлж өгч байна.
-Өгий нуурыг хамгаалах цогц ажлын нэг
нь нуурын ёроолыг цэвэрлэх. Энэ ажлыг хэрхэн явуулах вэ?
-Өгий нуурын ёроолд их хэмжээний
загасны тор байгаа. Социализмын үед Монгол Улсын загасны хэрэглээг Өгий, Буйр
нуураас хангадаг байсан. Загасны аж ахуй татан буугдаад, хариуцах эзэнгүй
болоход нуурын ёроолд асар их хэмжээний загасны тор үлдсэн. Улсын загасны
нөөцийн дийлэнх хувийг хангадаг байсан Өгий нуурын ёроолд хорт хавдар болж
байгаа загасны торнуудыг татан гаргана.
Мөн аман судалгаагаар нуурын ёроолд
хэд хэдэн мотоцикл, мотор, завь бий. Бид нуурыг 100 хувь цэвэрлэнэ гэж төлөвлөж
байгаа. Долоодугаар сарын 25-нд судалгааны баг гараад хаана, ямар обьект
байгааг тодорхойлохоор ажиллаж байна. Энэ оны 9-р сарын 15-наас Өгий нуурын ёроолыг
цэвэрлэх ажил эхэлнэ.
-Цаашид Өгий нуурыг хүний
буруутай үйл ажиллагаанаас болж бохирдохоос хамгаалах ямар бодлого хэрэгжүүлэх
вэ?
-Хүний буруутай үйл ажиллагаанаас болж
Өгий нуур маш ихээр бохирддог. Тийм учраас Өгий нуурын эргийн дахин
төлөвлөлтийг хийж хүний буруутай үйл ажиллагаанаас бохирдохгүй байх нөхцөлийг
бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсад анх удаа Өгий нуурын дахин
төлөвлөлтийг бүтэн хийсэн зураглал бэлэн болсон. Энэ дахин төлөвлөлтөд Өгий нуурын
онцгой хамгаалалтын бүсийг бүрэн чөлөөлөхөөр тусгагдсан. Дараагийн шатанд орон
нутгийн удирдлагууд болон Шинэ Хархорум хотын захиргаатай бодлогоо нэгтгэн эргийн дахин төлөвлөлтөө
бодит ажил болгон хэрэгжүүлнэ.