ЗАВХАН: Хомын талын малчдад байгальд ээлтэйгээр өрхийн орлогоо нэмэх боломжийг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-04 12:00:16

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. "Хомын талын тахь" ТББ нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх олон талын ажлыг хийж байна.


Өөрөөр хэлбэл, тахийн тал нутаг болох Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талын уугуул иргэд малчдад ямаанаас илүү тэмээг маллах, өсгөх тал дээр нь анхааран дэмжиж ажилладаг. Тэмээн сүргийн өсөлт нь зөвхөн бэлчээрийн талхлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой төдийгүй түүний ноос, ялангуяа торомны ноосоороо байгальд ээлтэйгээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг малчдад өгдөг.


"Хомын талын тахь" ТББ нь 2012 оноос эхлэн жил бүр торомны ноос экспортолж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 3–4 тонн орчмыг 10 гаруй малчин өрхөөс худалдан авч Франц улс руу экспортолсон.


Торомны ноосыг Францын 200 гаруй жилийн түүхтэй, тансаг зэрэглэлийн ноос, ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Brun de Vian Tiran” компанид нийлүүлдэг. Тухайн үйлдвэр нь Хомын талаас гаралтай торомны ноосоор хийсэн онцгой бүтээгдэхүүнээ “Хомын тал” нэрээр нэрлэн Франц болон Европын зах зээлд худалдаанд гаргаж байна.    


Мөн жил бүр орон нутгийн малчин иргэд эмэгтэйчүүдийг эсгий боловсруулах, эсгий бүтээгдэхүүн хийх чадваржуулах сургалтыг шат дараатай явуулж ирсэн.


Сүүлийн хоёр жилд гурван бүлгийн 11 малчин эмэгтэй хамтран 24 төрлийн 800 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг Франц болон Монголын зах зээлд борлуулснаар нийт 4.500 еврогийн (18 сая төгрөгийн) орлого олсон байна.


Энэ онд Хомын талын байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах зорилгын хүрээнд Хомын хоолойн Давсан сангийн байгалийн давсаар гоо сайхны бүтээгдэхүүн хийх. Малын гаралтай өөх тосоор саван үйлдвэрлэх арга технологид 20 малчин эмэгтэй суралцаж, ур чадвараа дээшилүүлснээр, тэдний орлогын эх үүсвэр нэмэгдэж байна хэмээн "Хомын талын тахь" ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбат ярилаа.

Хомын талын малчин эмэгтэйчүүдийн сургалт 2024 он


"Хомын тал" нэртэй брэнд алчуурыг Европын зах зээлд борлуулж байна

相关新闻