ЗАВХАН: 10 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-26 10:02:14

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутгаар 10 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байхыг анхааруулав.


10 дугаар сард нутгийн өмнөд буюу Шилүүстэй сумын нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.


Агаарын температур нэгдүгээр арав хоногт олон жилийн дунджаас дулаан, харин хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн байна.


Хур тунадас бүх нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. 10 дугаар сарын эхний 10 хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар 10 хоногийн эхэн үед нийт нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Идэр сумын нутгаар 6 см, Яруу сумын нутгаар 0.1 см-ийн цастай, бусад нутгаар цасгүй, хангайн уулрахаг нутгаар уулын орой, царамд бага хэмжээний цастай байна.


Иймд малчид, иргэд та бүхэн богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. Малчид өвлийн бэлтгэлийг базаах, төв суурин газрын дулаан түгээгч аж ахуйн нэгжүүд бэлтгэл ажлыг сайтар бэлтгэх нь чухал. 10 дугаар сарын цаг агаарын мэдээг өдөр тутам авч хол замд зорчих жолооч тээвэрчид, малчид цаг агаарын мэдээллийг тогтмол авахыг зөвлөж. Ялангуяа цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас сануулав.


Ташрамд, дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

 

相关新闻