Засаг дарга нар төрийн залгамж чанарыг хадгалж ажиллахаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-11 16:52:29

НЗД С.Батболд өнөөдөр нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргаар Салдангийн Одонтуяа, Багахангай дүүргийн Засаг даргаар Сэрдамбын Эрдэнэбаяр нарыг батламжиллаа.

Өнгөрсөн сард болсон ИТХ-ын сонгуулиар байгуулсан дүүргийн ИТХ-ууд анхдугаар хуралдаанаар Засаг дарга нараа сонгож, батламжлахаар Хотын даргад хүсэлт ирүүлжээ. Дүүргийн Засаг даргад нэр дэвшигчдийн материалыг Хотын дарга болон АТГ хамтран судалж байгаа бөгөөд өнөөдөр 2 хүнийг батламжилж байгаа юм.

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нэн тэргүүнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна хэмээгээд “Манай дүүрэг 57 мянган өрхтэй. Бид төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, өнгөрсөн хугацаанд хийж байсан бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Мөн дэлхийн томоохон хотуудын хөгжлөөс туршлага судлан, Баянголыг нийслэлийн жишиг дүүрэг болгоно” гэлээ.

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр “Бид ИТХ-ын сонгуульд оролцохдоо хувь хүний хөгжилд чиглэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох боломжийг бүрдүүлж, дүүргээ хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэсэн юм.

НЗД С.Батболд энэ сарын 09-нд Багануур, Чингэлтэй Налайх болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг батламжилсан. Үлдсэн 3 дүүрэг болох Баянзүрх, Сүхбаатар Хан-Уул дүүргийн Засаг дарга нарыг энэ долоо хоногт ирэх долоо хоногт батламжлах аж.

Ч.Ариунболд

相关新闻