ЗАВХАН: XIX зууны үеийн "пүрэв" хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн музейн шашны танхимын гол үзмэрүүдийн нэг нь XIX зууны үед бүтээсэн модон пүрэв юм.
Энэхүү бүтээлийг уран Сүрэн XIX зууны сүүл үед урласан бөгөөд Пүрэвийн оройн хэсэгт догшин 10 хангал, Жамсрангийн догшин дүртэй, улаан хүрэн будаг тавьсан байна.
Модон, төмөр пүрэвийг лам нар аливаа муу муухай, ад зэтгэрийг даран номхотгоход хэрэглэж байсан шашны нэг төрлийн багаж юм.
Пүрэв сахиус нь тонилгон эвдэгч ихэд догшин сахиус юм. Пүрэв сахиусны тахилга тайлгын дамжлага лүн, ван өдгөөг хүртэл тасраагүй үргэлжлэн хурсаар байна.
“Уран" Сүрэн нь Завхан аймгийн
Алдархаан сумын нутагт амьдарч байсан монголд алдартай шашны модон
сийлбэрийн бүтээлүүдтэй уран дархан хүн юм. Сүрэнгийн бүтээлүүдийг олон музейд дэглэсэн байдаг. Чойжин ламын сүм
музей, Богд хааны музей, Монголын үндэсний музейд түүний бүтээлүүд хадгалагдаж
байна гэж Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг мэдээлэв.