Л.Баярсайхан: Түүх, уламжлалаа бодвол икэл хуур нандин бэлэг юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Уран манлай” компанийн захирал, соёлын өв
тээгч, сийлбэрч, үндэсний хөгжмийн зэмсэг урлаач Лхамсүрэнгийн Баярсайхантай
ярилцлаа.
-Та
ямар хөгжмийн зэмсгүүд урлаж байгаа вэ?
-Икэл хуур, морин хуур, товшуур, цуур зэрэг
монгол үндэсний язгуур хөгжмийн зэмсгүүдийг 2013 оноос хойш урлаж байна. Мөн сүүлийн
жилүүдэд Д.Ганпүрэв судлаачаас зөвлөгөө авч алтайн ятга, буган ятга хөгжмийг
урлах болсон.
Зарим судлаачийн үзэж буйгаар эрт дээр үеэс аливаа найр наадам, үйл ажиллагааг эхлүүлэхдээ заавал икэл хуур татаж эхлүүлдэг байсан учраас “Эхэл” гэж нэрлээд тэр нь явсаар байж Икэл болсон гэдэг. Икэл нь түүхэн урт замыг туулж биеэс биед өвлөгдөн ирэхдээ Баруун монголчуудын дунд түгээмэл тархан үлдсэн байдаг.
-Икэл,
морин хуур хоёрын ялгаатай тал нь юу вэ?
-Тоглох арга барил, ая дан гээд бүгд өөр. Икэл
хуур бий биелгээтэй хоршиж явдаг бол морин хуур мэргэжлийн хөгжийн зэмсэг болсон.
Мэргэжлийн морин хуурыг 7-10 хоногт нэгийг гараас
гаргадаг бол икэл арай ажил багатай, цөөн хоногт бүтдэг. Морин хуурыг мэргэжлийн,
сургалтын, бэлэг дурсгалын гэх мэтээр хэд хэдэн янзаар урладаг. Хүмүүс икэл
хуурыг сүүлийн үед их сонирхож, найр наадам, гадны зочид төлөөлөгчдөд бэлэглэх
болсон. Түүх, уламжлалаа бодох юм бол икэл хуур нандин бэлэг юм.
-Ямар
материалаар бүтээлүүдээ урладаг вэ?
-Дуут нарс, гацуур, хус гэх мэт модоор их биеийг нь урладаг. Чих бол хамгийн хатуу модоор хийхгүй бол хурдан хугарах магадлалтай. Иймээс чанарыг нь бодоод голдуу хус модоор урладаг. Мөн икэл хөгжимд малын арьс шир орно. Икэл хөгжмийн дуугаралт ширэн цартай зайлшгүй холбоотой байдаг болохоор уламжлалаа алдахгүйн тулд зайлшгүй ширэн цартай хийдэг. Чавхдас болон хөвчийг нь адууны сүүлээр хийдэг. Сүүлийн үед сургалтад зориулж мяндас утсаар хийгээд байгаа. Энэ нь тасардаггүй сайн талтай.
-Үндэсний
хөгжмийн зэмсэг урлах нь хэр хүнд хүчир ажил вэ?
-Амаргүй л дээ. Ер нь бол их хүнд талдаа. Дуугаралт
нь яах бол, өнгө үзэмж нь ямар байх вэ, авсан хүмүүс нь хоймортоо зална, тайзан
дээр авч гарч олны өмнө тоглоно, тэгэхээр уран яруу сонсголонтой байхаас гадна дэгжин
чамин байх хэрэгтэй болно. Гэхдээ миний хувьд дуртай ажлаа хийж байгаа болохоор
ядрах нь гайгүй. Би найман настайгаасаа эхлэн сийлбэр хийсэн. Манайхан үе
дамжсан уран сийлбэрч хүмүүс байдаг.
-Та
жилд хэчнээн хөгжмийн зэмсэг урладаг вэ?
-Жилд дунджаар 300 орчим икэл, 50 гаруй морин
хуур захиалгаар хийдэг. Мөн 100 орчим алтайн ятга, буган ятга урладаг. Буган
ятга маань найман утастай.
Саяхан болсон “Нүүдэлчин монгол” наадмын
үеэр язгуур урлаг талдаа ихэнх уран бүтээлчид нь миний урласан хөгжмийн
зэмсэгээр тоглож байсан.
-Та
бүтээл дээрээ ямар нэгэн тамга, тэмдэг тавьдаг уу? Яаж өөрийнхөө бүтээл гэдгийг
таньдаг вэ?
-Би өөрийнхөө урласан хөгжмийн зэмсэгүүд дээр ямар нэгэн таних тэмдэг тавьдаггүй. Гэхдээ шууд хараад л минийх гэж таньдаг.
-Захиалга их ирэх үү?
-Ерөнхийдөө дажгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж
айл бүр хоймортоо морин хуураа дээдэлж залах хэрэгтэй гэсэн бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч морин хуур урлаж байгаа хүмүүсийг дэмжинэ хэмээн зарлигдсан. Тийм
болохоор хүмүүс морин хуур их сонирхож байгаа.
Икэл хуурын хувьд бид сургалт сурталчилгаа их
хийсний хүчинд хүмүүс мэддэг болсон. Мөн 2019 онд икэлийн өв соёл гээд цахим
уралдаан зохион байгуулсан. 2021 онд икэл бий биелгээ гээд уралдаан зарласан.
Икэл хуур болон бий биелгээ хоёр салшгүй холбоотой. Икэлийн аянд бий биелгээ
хийдэг. Өнгөрсөн жилээс олон улсын эмэгтэйчүүдийн нэг байгууллагатай хамтраад
60 эмэгтэйд икэл хуурын сургалт явуулж байна.
-Та
шавьтай юу?
-2014 оноос хойш шавь бэлдэх тал дээр анхаарч байгаа. Надтай хамт ажиллаж байсан хүүхдүүдээс зарим нь энэ чиглэлээрээ томоохон компанид ажиллаж байгаа. Сайн сурсан хүүхдүүд нь хот руу яваад буцаж ирэхгүй юм. Зарим нь шантраад өөр ажил хийгээд явчихдаг.
-Та
ямар ямар шагнал хүртэв. Уралдаан тэмцээнд орж байсан уу?
-Бүсийн болон улсын чанартай олон уралдаан
тэмцээн, үзэсгэлэн худалдаанд оролцож, шагналт байр болон Гран при шагнал хүртсэн.
Мөн 2014 онд Соёлын тэргүүний ажилтан цолоор, 2022 онд Алтан гадас одонгоор
шагнуулсан.
-Сүүлчийн
мөчийг танд үлдээе?
-Хөгжмийн зэмсэг урлаж эхэлснээс хойш олон
байгууллага, хувь хүмүүстэй хамтарч ажилласан байдаг. Тухайлбал, өнгөрсөн жил Хяргас
сумын 100 жилийн ойгоор гэхэд 100 икэл авч тоглуулсан. Энэ жил Тариалан, Түргэн
сум ойгоороо 100 икэл худалдан авсан. Мөн Увс аймгийн 100 жилийн ойгоор 100
икэл тоглосон. Энэ бүгд миний бүтээл байсан. Энэ бүхнээс эрч хүч, урам зориг
авдаг даа.
-Танд баярлалаа.