Д.Трамп G20-ийн уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-06 18:01:53

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 6 /DW/. ӨАБНУ-д 11 дүгээр сарын 22-23-нд болох “Их20”-ийн уулзалтад оролцохгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Түүний оронд дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Өмнөд Африкийг зорих ажээ.


Трамп цааш нь хэлэхдээ, Майамигаас холгүй орших Дорал хот дахь түүний эзэмшлийн гольфийн клуб ба рашаан сувилал-зочид буудлын цогцолборт 2026 оны G20-ийн дээд хэмжээний уулзалт болно гэдгийг дурдсан байна.  “Тиймээ, уулзалт Доралд болно. Энэ сувиллын газар нисэх онгоцны буудалтай шууд зэргэлдээ оршдог, энэ бол хамгийн зохимжтой сайхан газар” гэж тэрбээр хэлэв. Мөн уулзалтыг зохион байгуулж мөнгө олох бодолгүй байгаагаа ч илэрхийлжээ.


Түүнчлэн “20-ийн бүлгийн” уулзалтад Оросын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын удирдагч Ши Жиньпин нарыг дуртайяа урина гэдгээ дурдсан байна.


Д.Трамп ӨАБНУ-ыг буруутгажээ


ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса тавдугаар сард АНУ-д айлчлах үеэр Д.Трамп мэдэгдэхдээ “Өмнөд Африкт цагаан арьст фермерүүдийг үй олноороо алж хядаж байна” гээд хэд хэдэн гэрэл зураг үзүүлэхэд С.Рамафоса үүнийг нь эрс няцаасан байна. Хожим нь Ройтерс агентлагийн мэдээлснээр, гэрэл зургуудад БНАрдчилсан Конго улсын Гома хотод засгийн газрын цэргүүд ба босогчдын хооронд мөргөлдөөн болсны дараа аврагчид уутанд хийсэн цогцсуудыг дамжлан явж буйг харуулсан байжээ.   


Мөн хотын захын зам дагуу олон зуун цагаан загалмай байгааг харуулсан дүрс бичлэгийг Трамп үзүүлээд, эдгээр нь мянга орчим цагаан арьст фермерүүдийн цогцсууд гэжээ. Үнэн хэрэгтээ энэ нь 2020 онд ӨАБНУ-ын зүүн нутагт болсон эсэргүүцлийн ажиллагааг харуулсан бичлэг байв.

 

相关新闻