Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-07 19:55:05

СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 7 /Yonhap/. АНУ-ын Жоржиа муж улс дахь Өмнөд Солонгосын цэнэг хураагуурын үйлдвэрт ажиллаж байсан Өмнөд Солонгосын олон зуун иргэнийг Америкийн цагаачлалын албаныхан баривчилсантай холбогдуулан Гадаад хэргийн сайд Чо Хён Вашингтонтой хэлэлцээ хийхээр АНУ-ыг зорьж магадгүй гэж бямба гарагт мэдэгджээ.


Уг баривчилгаатай холбоотой яаралтай хуралдааныг даргалсан Чо Хён хэлэхдээ, баривчлагдсан 457 хүний ​​300 гаруй нь Өмнөд Солонгосын иргэд болохыг баталсан байна. Хоёр дэд сайд, яамны удирдлагууд болон хилийн чанад дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцсон уулзалтын эхэнд Чо Хён хэлэхдээ “манай улсын иргэдийг баривчилсанд бид ихэд санаа зовниж, хариуцлагаа ухамсарлаж байна” гэлээ.


“Бид ГХЯ-ны өндөр албан тушаалтныг цаг алдалгүй АНУ руу илгээх талаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол би өөрийн биеэр Вашингтонд очиж, АНУ-ын засаг захиргаатай зөвлөлдөнө” гэж тэрбээр хэлэв. Түүний мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд бүх талын хүчин чармайлт тавихыг холбогдох албаныханд үүрэг болгосон бөгөөд Өмнөд Солонгосын иргэдийн эрх ашиг, АНУ-д хөрөнгө оруулж буй Өмнөд Солонгосын компаниудын бизнесийн үйл ажиллагаа хөндөгдөх ёсгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.


ГХЯ-ны дэд сайд Ким Жи На пүрэв гарагт АНУ-аас Сөүлд суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жозеф Юнтай уулзах үеэрээ болсон хэрэг явдалд харамсаж, санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын эрх баригчид пүрэв гарагт Саванна хотын ойролцоох Брайан тойрогт байрлах “Hyundai Motor” болон “LG Energy Solution” компанийн хамтран байгуулсан “HL-GA Battery” компанийн цахилгаан авто машины цэнэг хураагуурын үйлдвэрийн барилгын талбайд нэгжлэг хийжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт баривчлагдсан хүмүүсийг “хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид” гэж тодорхойлоод, цагаачлалын албаныхан “ажлаа хийж байна” гэж мэдэгдсэн байна. Жоржиагийн Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаалтын албаны /HSI/ тусгай төлөөлөгч Стивен Шранкын хэлснээр, саатуулагдаж буй хүмүүсийн дунд ажил хөдөлмөр эрхлэхийг хориглосон визийн хөнгөлөлтийн нөхцлөөр орж ирсэн, визийн хугацаагаа хэтрүүлсэн хүмүүс байгаа ажээ. Тэдний ихэнх нь Жоржиа муж улсын Фолкстон хот дахь цагдан хорих төвд хоригдож байна.


“HL-GA Battery” компани эрх баригчидтай бүрэн хамтран ажиллаж байгаа бөгөөд тэдний ажилд туслах үүднээс барилгын ажлыг түр зогсоожээ. АНУ-ын эрх баригчид уг нэгжлэгийг HSI-ийн түүхэн дэх хамгийн том ажиллагаа” гэж тодорхойлсон байна.

 


相关新闻