Газын зурвас руу нэвтрэхийг оролдсон идэвхтнүүдийг саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-03 10:11:43

ЙЕРУСАЛИМ, 2025 оны аравдугаар сарын 3 /AP/. Пүрэв гарагт Израилын өмнөд нутгийн Ашдод боомт руу олон зуун цагдааг илгээж, Газар дундын тэнгист тэнгисийн цэргийн хүчнийхний саатуулсан 450 орчим идэвхтнийг шалгаж байна гэж Израилын эрх баригчид мэдэгджээ. 


Европын хууль тогтоогчид зэргээс бүрдсэн идэвхтнүүд Газын бүслэлтийг нэвтрэхийг зорьж байсан юм. Гэвч тэдний сууж явсан усан онгоцнуудыг саатуулсан нь хүчтэй шүүмжлэлд өртөж, эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн байна. Global Sumud флот нь бүслэлтийг нэвтрэхийг оролдсон хамгийн том флот болсон бөгөөд Газын зурваст явуулж буй Израилын цэргийн ажиллагаа улам их шүүмжлэлд өртөх болоод буй үед тус зурваст тусламж хүргэхийг оролдсон юм.


Олон усан онгоц байгаа тул Израилын эрх баригчид бүгдийг нь саатуулахад хүндрэлтэй тулгарна хэмээн найдаж байгаагаа идэвхтнүүд илэрхийлж байсан боловч Израилын Гадаад хэргийн яам пүрэв гаргийн үдээс хойш ажиллагаа дууссан гэж мэдэгдсэн байна. Саатуулагдсан идэвхтнүүдийг албадан гаргахаас нь өмнө бүртгэн авахаар 600 орчим цагдаа ажиллаж байгааг харуулсан дүрс бичлэгийг Израилын цагдаагийн газар нийтэлжээ. Пүрэв гарагт еврейн хуанлийн хамгийн ариун баярт тооцогддог “Йом-Кипур” тохиосон байна.


Израилын цэргийн ажиллагаа болон Газын зурваст үргэлжилж буй довтолгоог зэмлэн буруушаасан тухай мэдээ гарсны дараа флотыг дэмжсэн олон мянган хүн хэд хэдэн томоохон хотод жагсжээ. Жагсаалын дийлэнх нь тайван өрнөсөн боловч Францын нийслэл Парис болон Испанийн Барселон хотод цагдаа нар болон Палестиныг дэмжигч жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Түүнчлэн Италийн хамгийн том үйлдвэрчний эвлэл баасан гарагт нэг өдрийн бүх нийтийн ажил хаялт зарлахыг уриалсан байна.


Нийт 40 гаруй усан онгоц, 450 орчим идэвхтэн оролцсон Global Sumud флот нь Газын зурваст бэлгэдлийн чанартай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зорьж байсан юм. Израилын хууль бус бүслэлтийг нэвтэрч, Палестины ард түмний эсрэг үргэлжилж буй геноцидийг зогсоох бидний гол зорилго хэвээр байна” гэж идэвхтнүүд мэдэгджээ.


Харин Израилын Гадаад хэргийн яам үүнийг өдөөн хатгалга хэмээн няцааж, усан онгоцнуудад ачсан тусламжийг янз бүрийн улс орон санал болгож ирснийг дурдсан байна. Израилын тал Газын зурвас руу нэвтрүүлж буй тусламжийн хэмжээ, тэдгээрийг хэрхэн хуваарилж байгаа асуудлаар шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. ГХЯ мөн геноцид үйлдэж байна гэх мэдэгдлийг эрс няцаажээ


Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн зүгээс тэнгисийн цэргийн хүчин болон цэргүүдийг “Йом-Кипур”-ын өдрөөр флотыг зогсоосныг сайшааж, “тэдний чухал ач холбогдолтой үйл ажиллагаа нь олон арван усан онгоцыг дайны талбарт оруулахаас сэргийлж, Израилын эсрэг хууль бус кампанит ажлыг няцаалаа” гэж мэдэгдсэн байна.

相关新闻