“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн урлагийн хувьслын түүхийг харуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-07 15:12:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болж байна. 


Г.Логийраз нь сүүлийн 30 гаруй жилийн турш баримал, гурван хэмжээст бүтээл, дижитал болон орчин үеийн урлагийн чиглэлээр Монгол, Норвеги, Швед улсад суралцаж, багшилж, олон улсын үзэсгэлэнд оролцсоор иржээ. Энэ удаагийн үзэсгэлэнд түүний бүтээлийн гурван үеийг багтаасан бөгөөд 1990-ээд оны сүүл үеийн шавар баримлаас эхлээд хамгийн сүүлийн үеийн 3D технологиор бүтээсэн бүтээлүүдийг толилуулж байна. Тухайлбал, “Манал” /1997/, “Ногоон морь”-ны толгой, шинээр туурвисан “Буддагийн толгой” /2025/ зэрэг бүтээлийг дэлгэжээ. 


Уран бүтээлчийн замналд буддын уламжлалт урлагийг орчин үеийн арга барилтай хослуулсан онцлог бий. Тэрбээр 1997 онд Бакула ринбүчигийн “Бэтүб” хийдэд шавилан сууж бурханы сургаал, урлагийн онолд суралцаж, улмаар Непалд танка зургийн шинэ хэв маягийг бүтээжээ. “Шведийн Рояль” академид ажиллаж байх үедээ шавар, цаасан шуумал төдийгүй 3D техник, хиймэл оюун ухаантай хослуулсан бүтээл туурвих зорилгоо 2008 онд биелүүлсэн байна.


“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ.







相关新闻