ӨВӨРХАНГАЙ: Цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
есдүгээр сарын 7
/МОНЦАМЭ/. Монгол Улсад
цэргийн дээд Генерал цол олгож эхэлсний 81 жил, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын
80 жилийн ойг тохиолдуулан Улсын баатар Л.Аюушийн хөшөөнд цэцэг өргөж,
хүндэтгэл илэрхийллээ.
Тус ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Өвөрхангай аймгаас төрөн гарсан генералууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмад ажилтан, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн төлөөлөл оролцлоо.
Лувсанцэрэнгийн Аюуш нь 1922 онд Төгрөг суманд төрсөн бөгөөд Монгол ардын армийн байлдагчаар цэргийн алба хаан 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байжээ. Энэ үеэр Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг авч явахдаа байлдааны галын дунд дайчдаасаа тасран дайсны голомт уруу орж, пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархдан баатарлагаар амь үрэгдсэн юм. Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээжээ.
Дэлхийн II дайны ялалтын 30 жилийн ойд зориулан БНМАУ-ын баатар Л.Аюушийн дурсгалын хөшөөг Арвайхээр хотын төвд 1968 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бүтээн босгосон. Мөн Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан уг хөшөөг гэрэлт болгож, орон нутгийн төсвөөр сэргээн засварлаж орчныг тохижуулсан байна.