ХӨВСГӨЛ : Тарваган тахлын хүний өвчлөлийн 3 тохиолдол батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдол 3 боллоо.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарласнаас эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон ойрын хавьтлын 55 иргэн байна.
Нэгдсэн эмнэлэгт 49, Цагаан-Уул суманд 16, гэрээр 15 хүн тусгаарлагдсан байна.
Тусгаарлагдсан иргэдээс 35 хүнд молекул биологийн PCR шинжилгээ хийхэд 22 хүнд эерэг гарч, 2 хүнд шинж тэмдэг илэрч тарваган тахлын хүний өвчлөлийн 3 тохиолдол батлагдлаа.
Тус аймгийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, гарах хөдөлгөөнийг 3 хоног хориглосон.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 7 хоног зогсоосон юм.
Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулахгүй цахим хэлбэрээр зохион байгуулж байна.