ӨМНӨГОВЬ: Дөчөөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 573 сая төгрөг олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг зарлаж шалгарсан иргэдэд батламж гардууллаа.
Тус
хөтөлбөр нь өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний орлогыг нэмэгдүүлж, шинээр
ажлын байр бий болгох зорилготой юм.
"Өсөлтийг
өрх бүрд" дэд хөтөлбөрийн хүрээнд 40-өөс
дээш насны үйлдвэр эрхлэгч нарын төслийг 2025 оны долоодугаар сарын 7-25-ны өдрийг хүртэл хүлээн
авч шалгаруулан, 5 сая хүртэлх төгрөгийн
дэмжлэг үзүүлж байна.
Энэ онд 161 бизнес төсөл иргэдээс хүлээн авснаас 115 төслийг шалгаруулж, 573
сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг 2024 онд зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөр 119 иргэнд 186,5 сая төгрөг, 89 ахмад настанд 142 сая төгрөг, тусгай хэрэгцээт 21 иргэнд 32 сая, өрх толгойлсон 9 иргэнд 12,5 сая төгрөг олгожээ.