Ерөнхий сайд Ф.Байруд итгэл үзүүлсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Засгийн газрын эдийн засгийн бодлоготой холбоотойгоор парламентад явуулсан санал хураалтын дүнд Францын Ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэхгүйгээр шийдвэрлэжээ.
Үндэсний Ассемблейд болсон санал хураалтаар 364 депутат Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэсэн санал өгсөн
бол 194 гишүүн итгэл үзүүлэхийг дэмжсэн байна.
“Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий сайд Засгийн газраа огцруулах хүсэлтийг өргөн барих ёстой” гэж парламентын дарга Яэль Браун-Пиве мэдэгджээ. Мягмар гарагт Ф.Байру огцрох хүсэлтээ Ерөнхийлөгч Эммануэл Макронд өргөн барих төлөвтэй байна.
Ф.Байруг огцруулсны дараа Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг сонгох эсвэл ээлжит бус сонгууль зарлах ёстой. Зарим фракц, ялангуяа хэт барууны үзэл баримтлалтай “National Rally” нам шинэ сонгууль явуулахыг дэмжиж байгаа боловч зүүний үзэл баримтлалтай “New Popular Front” эвслийнхэн зүүний хүчнээс ерөнхий сайдыг томилохыг шаардаж байна.
Э.Макроны хувьд шинэ сонгуулийн дүнгээр "илүү тааламжтай" парламент байгуулагдах магадлал багатай, учир нь түүний төвч үзэлтнүүдийн холбоо санал асуулгуудын дүнгээр тун тааруу үзүүлэлттэй байгаа юм. Ф.Байру бол Э.Макроны төвч үзэлт фракцын гишүүн бөгөөд консерватив үзэлт бүгд найрамдахчууд зэрэг баруун төвийн намуудтай эвсэж засгийн газрыг удирдаж байв.
Даваа гарагт болсон итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар Ф.Байру томоохон ялагдал хүлээсэн бөгөөд Үндэсний Ассамблейн гишүүдийн гуравны хоёр орчим нь түүнийг огцруулахыг дэмжжээ. Сөрөг хүчний намууд түүнд итгэл үзүүлэхгүй гэдгээ илэрхийлж байсан тул Ф.Байруг огцруулсан нь гайхмаар зүйл биш байв. Тэрбээр парламентад ердөө 210 суудалтай цөөнхийн эвслийн засгийн газрыг удирдаж байсан юм.