Хятад, Энэтхэгт 100 хувийн татвар ногдуулахыг Европын Холбоонд уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Украины дайныг зогсоох асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд шахалт үзүүлэхийн тулд Хятад, Энэтхэгт 100 хүртэлх хувийн татвар ногдуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд /ЕХ/ уриалсан гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж BBC телевизэд мэдээлжээ.
АНУ болон ЕХ-ны албаны хүмүүс ОХУ-д үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх хувилбаруудыг мягмар гарагт хэлэлцэх үеэр Д.Трамп ийм шаардлага тавьсан тухай Их Британийн “Financial Times” сонинд анх мэдээлсэн байна. Д.Трамп Орос, Украины хооронд энхийн хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж буй энэ үед Оросоос Украинд цохилт өгөх нь эрчимжиж байгаатай зэрэгцэн дээрх саналыг тавьжээ. Тэрбээр мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногийн эхээр В.Путинтэй утсаар ярихаар төлөвлөж байна гэлээ.
Өнгөрсөн амралтын
өдөр Киев хот дахь Украины Засгийн газрын гол байр Оросын пуужингийн цохилтод
өртсөн нь Кремлийн түрэмгийлэл улам эрчимжиж байгааг харуулж байна гэж
шинжээчид үзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон даяар өгсөн цохилт нь
дайн эхэлснээс хойш Украинд агаараас өгсөн хамгийн хүчтэй цохилт болжээ.
Украины талын мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчин хамгийн цөөндөө 810 нисгэгчгүй
онгоц, 13 пуужин ашигласан байна.
Мягмар гарагт зүүн
нутгийн Донбаст 20 гаруй энгийн иргэн тэтгэврээ авахаар дугаарлан зогсож
байхдаа Оросын бөмбөгдөлтөд өртөж амиа алджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд
болсон бөмбөгдөлтийн дараа Д.Трамп сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ, “бүхий л
нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байгаагаа” илэрхийлээд, Кремлийн эсрэг илүү
хатуу хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн байна.
АНУ-ын
Ерөнхийлөгч өмнө нь ОХУ-д хатуу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байсан
боловч В.Путин тогтоосон хугацаа болон хориг арга хэмжээ авах сүрдүүлгийг нь үл
тоомсорлосон ч ийм арга хэмжээ аваагүй юм. Өнгөрсөн сард Аляскт болсон
удирдагчдын дээд хэмжээний уулзалт энхийн хэлэлцээр хийлгүйгээр өндөрлөсөн
билээ. Олон нийтийн зүгээс уг уулзалтад ихээхэн хүлээлт тавьж байв.
АНУ-ын засаг захиргаа эдийн засгийн шахалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа боловч Европын илүү хүчтэй дэмжлэг хэрэгтэй байна гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлсний дараа Д.Трамп ЕХ-нд дээрх санальг тавьсан байна.
Д.Трамп мөн мягмар гарагт хэлэхдээ, АНУ, Энэтхэг
хоёр улсын хооронд худалдааны саад тотгорыг арилгах хэлэлцээ үргэлжилж байна
гэжээ. Тэрбээр ирэх долоо хоногт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой
утсаар ярихаар төлөвлөж байгаа бөгөөд хоёр талын худалдааны хэлэлцээ “амжилттай”
болно гэдэгт найдаж байгаа талаараа “Truth Social” хуудсандаа
бичжээ.
Хятад, Энэтхэг
бол Оросын газрын тосыг томоохон худалдан авагчид бөгөөд энэ нь Оросын эдийн засгийг
тогтвортой байлгахад дэмжлэг болж байна. Өнгөрсөн сард АНУ-ын тал Оросоос нефть үргэлжлүүлэн худалдан
авч байгаатай нь холбогдуулан Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар
ногдуулсан юм.
Хэдийгээр ЕХ Оросын эрчим хүчнээс хараат байхаа болино гэж мэдэгдсээр ирсэн боловч импортын байгалийн хийн 19 орчим хувийг Оросоос авдаг хэвээр байна. Хэрэв ЕХ-ны зүгээс Хятад, Энэтхэгт татвар ногдуулбал энэ нь Оросыг худалдааны татвараас илүүтэй хориг арга хэмжээгээр тусгаарлах зорилтод нь өөрчлөлт оруулах юм.