Авто замын албаныхан гамшгаас хамгаалах сургуулилт хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬШаргаморьтын гүүрийг хаачихлаа гэж өчигдөр зарим иргэд бухимдсан мэдээллийг оло ннийтийн сүлжээгээр тараасан юм. Гэтэл уг гүүрэн дээр Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гамшгаас хамгаалах авто замын сургуулилт хийсэн байна.
Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн дохионы дагуу гамшиг тохиож, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, түгжрэл үүсгэхгүй тулд нөөц зам барих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг үзүүллээ. Сургалтын үеэр гүүрний нэг урсгалыг хааж, нөгөө урсгалыг хуваан хоёр урсгалд шилжүүлэх, гүүрний эвдэрсэн урсгалыг засварлах, нөөц зам гаргах ажлыг хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газар ч Гамшгаас хамгаалах албаны авто замын сургалтад сайн тусаллаа гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Ж.Батсайхан