“D-gov.mn” цахим системийг нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, төрөөс гаргах шийдвэрт иргэдийн дуу хоолой, санал, шүүмжийг, тэдний оролцоог хангах, нэмэхэд онцгой анхаарахаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл нээлттэй засаглалыг хөгжүүлэх зорилгоор төрийн албаны шинэчлэл, реформыг хэрэгжүүлэх, үйлчилгээ, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр “D-GOV.MN” цахим системийг Засгийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа аж. Энэхүү системээр дамжуулан Засгийн газрын бодлого, шийдвэрийг төлөвлөх, гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагын саналыг авах, нийгэмд тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, төрлийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулахад олон нийт нээлттэй оролцдог болох юм байна.
D-GOV.MN нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан саналыг журамд заасны дагуу Монгол Улсын 18 насанд хүрсэн 20000-100000 иргэн дэмжсэн бол Засгийн хуралдаанаар хэлэлцүүлэх систем юм. Тухайлбал, төрийн үйлчилгээ, үйл ажиллаагын чанар хүртээмж, иргэдийн амьдралыг сайжруулах асуудлаар 20 мянгаас дээш хүн санал ирүүлсэн тохиолдолд хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд санаачлах хууль тогтоомжийн төсөл, баримтлах бодлого, шийдвэрийг төлөвлөх, шийдвэр гаргах асуудлаар 100 мянгаас дээш санал авсан тохиолдолд хэлэлцүүлэх юм байна. Харин Засгийн газрын бодлого, шийдвэрт тодорхой чиглэлээр өөрчлөлт оруулах асуудал, хяналт, шалгалт хэрэгжүүлэх, зохион байгуулалтын бусад ажлын талаар 50 мянгаас дээш санал ирсэн тохиолдолд ээлжит хуралдаанаар хэлэлцэж, иргэдийн оролцоотой шийдвэр гаргахыг онцоллоо. Үүнтэй холбогдуулан цахим системээр ирүүлсэн саналыг ангилах, тодорхой шаардлагад нийцүүлэх үүднээс Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулахаар болов.
Ингэснээр тухайн
этгээдийн санал журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд өөрийн
эрхлэх асуудлын хүрээнд зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх
ил тод нээлттэй боломж бүрдэнэ. Түүнчлэн
төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн бодлогын
баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилт, өргөдөл гомдлын
шийдвэрлэлтийн байдал, санхүү, худалдан авалт, шилэн данс гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан үнэлэхээр болжээ.
Энэ бүхний үр
дүнд “Нээлттэй төр-Ээлтэй засаг” байх зорилт хэрэгжих аж.