Уул уурхайн салбарын шинэ мөчлөг, шинэ зураглал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-11 16:54:25

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын уул уурхайн салбарын хамгийн том эвент болон “Mining Week & MinePro 2025” Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэллээ.


“Mining Week & MinePro 2025” нь зөвхөн уул уурхайн салбарын үйл ажиллагаа бус Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлох чухал индэр болон цар хүрээгээ тэлж, энэ удаад “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор өрнөж байна.


“Уул уурхайн 7 хоног”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Канадын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Пиеррэ Граттон, Хятадын Уул уурхайн ассоциацын Ерөнхий нарийн бичгийн дарга Чө Чанбо, Колумбын Уул уурхайн ассоциацын ерөнхийлөгч Хуан Камило Нариньо, УИХ-ын гишүүд, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, дотоод, гадаадын зочид, салбарын мэргэжилтнүүд оролцлоо.


Монгол Улсын Засгийн газраас “Mining & AI”санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийлэв. Цаашлаад зөвхөн олборлолт биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, технологи, инновац нэвтрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нэн шаардлагатайг хэлж, Засгийн газар “Ногоон хөгжил”, “Цахим шилжилт”, “Тогтвортой, хариуцлагатай уул уурхай”-н бодлого хэрэгжүүлж, ил тод, хариуцлагатай, нээлттэй байдлыг эрхэмлэн, бүсчилсэн хөгжил, орон нутгийн иргэдийн эрх ашгийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгааг онцоллоо. 


Дөрөв дэх удаагийн үзэсгэлэн яармагт есөн орны бизнесийн холбоо, худалдааны танхим болон 250 ханган нийлүүлэгч байгууллага компани, уул уурхайн 50 гаруй компани оролцож байна. Энэхүү үйл ажиллагаа нь нийт есөн га талбайд хамарсан бөгөөд эрчим хүчний хэрэглээ гурван өдрийн турш 9000 кВт бөгөөд 10 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа аж. Үзэсгэлэнгийн гадна талбайд шинэ техник тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, дотор талд инновац, төслүүд, хамтын ажиллагааны боломжийг танилцуулж байлаа.



“Mining Week & MinePro 2025” нь зөвхөн уул уурхайн салбарын үйл ажиллагаа бус Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлох чухал индэр болон цар хүрээгээ тэлж, энэ удаад “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” уриан дор өрнөж байна.


Хэн, юу хэлэв


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: -Өнөөгийн уул уурхайн салбарыг байгаль орчин, нийгмийн хариуцлага, дижитал шилжилт, технологийн дөрөвдүгээр хувьсгалтай салгаж ойлгох боломжгүй болсон. Тиймээс Засгийн газрын хувьд ногоон хөгжил, цахим хөгжил, тогтвортой хариуцлагатай уул уурхай гэсэн бодлогуудыг зөв хослуулан ажиллахад анхаарна.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: -Уул уурхайн салбар зөвхөн экспортоо хараад, орон нутаг нь төсөв хөрөнгө, санхүүгээ хараад, ард иргэд нь зөвхөн газар нутаг бэлчээрээ яриад дунд нь ирээдүйн боловсон хүчин болсон хүүхэд залуучууд хэрхэн яаж сурахаа мэдэхгүй яваад байж болохгүй. Үүнээс сэргийлэхийн тулд бид асуудлуудыг цогцоор нь харах шаардлагатай.


Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд: -Сүүлийн 10 жилд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт 29.2 тэрбум ам.доллар байна. Үүний 74 хувь буюу 21.7 тэрбум доллар нь уул уурхайн салбарт орж ирсэн. Цаашдаа ч энэ хандлага хадгалагдах нь ээ.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: -Ашигт малтмалын тухай болон эрдэс баялгийн салбарт мөрдөж буй 10 хуульд дүн шинжилгээ хийхэд 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байгааг тогтоосон нь тус салбарт дахь эрх зүйн орчны гажуудлыг залруулах шаардлага байгааг харууллаа. Үүнтэй холбоотойгоор манай яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Уул уурхайн компаниуд маань ажилчдынхаа ур чадварыг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөх чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Эрдэс баялгийн салбарынхан 2024 оны гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний 27 хувь буюу 22 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.


“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Төр дэд бүтцийн бүтээн байгуулалтад илүү оролцож хувийн хэвшил ажиллах замыг бий болгоно. Төмөр зам, зам, ус гэх мэт үйлдвэрлэл явуулахад нэн шаардлагатай бүтцийг төрийн өмчөөс санхүүжүүлж, хэрэгжүүлнэ. Олборлох үйл явцад илүү туршлагатэй, эдийн засгийн үр ашигтай компаниуд ажиллах нь зүйтэй. Хувийн хэвшлийн хийж чадаж буй сайн туршлагыг дэмжин хамтран ажиллана.


“Уул уурхайн 7 хоног” эвент гурав хоног үргэлжлэх бөгөөд маргааш “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, Олон улсын хандлага”-ыг ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Уул уурхайн салбарын ирээдүй: Ил тод байдал, стандарт олон улсын түншлэл” сэдвээр илтгэл тавина. Мөн “Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн загвар: Хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн үр дүнтэй шийдэл”, “Үндэсний баялгийн сан: Нөхцөл байдал, дэлхийн чиг хандлага” сэдэвт илтгэлийг зочин оролцогчид олонд сонордуулна. Харин 13-нд буюу хаалтын өдөр бэсрэг наадам, залуусын нээлттэй эвентийг зохион байгуулахаар төлөвлөжээ. 












相关新闻