А.Лукашенко Д.Трампын элчийг хүлээн авч уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-12 12:48:51

МИНСК, 2025 оны есдүгээр сарын 12 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Жон Коул Минск хотноо Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой уулзаж, “Белавиа” компанийн эсрэг авсан хориг арга хэмжээг цуцалсныг мэдэгджээ. 


Үүний хариуд Дональд Трампын хүсэлтээр 52 хоригдлыг сулласан бөгөөд тэдний дунд сөрөг хүчний ахмад гишүүн Николай Статкевич багтжээ. Гэвч тэрбээр Беларусийг орхин гарахаас татгалзсан байна. Энэ зун Д.Трампын тусгай төлөөлөгч Кит Келлог Беларусьт айлчилсны дараа Сергей Тихановский зэрэг улс төрийн хоригдлууд суллагджээ.


Беларусийн эрх баригчид 52 улс төрийн хоригдлыг сулласан тухай Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа Вильнюст мэдэгджээ. Тэдний дунд сөрөг хүчний идэвхтнүүд, сэтгүүлчид, жагсаалд оролцсон хүмүүс болон гадаадын иргэд багтсан байна. "Беларусийн сөрөг хүчнийхэнтэй хамт Беларусийн шоронгуудад хоригдож байсан Их Британи, Латви, Польш, Герман, Францын иргэд Литвийн хилээр нэвтэрсэн" гэж Г.Науседа мэдээлсэн байна. Түүний хэлснээр, суллагдсан хүмүүсийн дунд Литвийн зургаан иргэн байгаа бөгөөд таван хүнийнх нь нэрийг ил болгох боломжгүй гэжээ.


Лукашенкогийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт ТАСС агентлагт мэдээлэхдээ, Беларусийн Ерөнхийлөгч 52 хоригдолд өршөөл үзүүлсэн, өршөөл үзүүлсэн хүмүүс бүгд Беларусиас гарсан гэсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгчийн Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлогтой А.Лукашенко зургаадугаар сарын 21-нд уулзжээ. Уг уулзалтын дараа А.Лукашенко Д.Трампын хүсэлтээр 14 хоригдлыг суллажээ. 


С.Тихановскийн албан дахь эх сурвалжийг эш татан  “Зеркало” сонинд мэдээлснээр, есдүгээр сарын 11-нд буюу өчигдөр суллагдсан хүмүүсийн дунд олонд танигдсан улс төрийн хоригдлууд байгаа аж. Тэднээс хамгийн алдартай нь Беларусийн сөрөг хүчний ахмад гишүүн Николай Статкевич юм. Мөн “Беларусь головного мозга” телеграмм сувгийн админ Игорь Лосик, философич Владимир Мацкевич болон бусад хүмүүс суллагдсан байна.


2010 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Статкевич 2020 оны сонгуулийн өмнө баривчлагдаж, давтан гэмт хэрэгтнүүдийг хорих ангид хоригдож байв. 2021 оны 12 дугаар сарын 14-нд түүнд 14 жилийн хорих ял оноосон бөгөөд үүнээс өмнө 2011-2015 онд ял эдэлж байжээ.


Өнгөрсөн долоо хоногт Д.Трамп сүүлийн арван жилд буюу 2020 оны сонгуулийн дараа болсон жагсаалыг хүчээр дарж, олон хүнийг баривчлан хорьсон явдлын дараа барууны ертөнцөд гадуурхагдаж нэр хүндээ алдаад байсан Беларусийн ерөнхийлөгч Лукашенког сайшаасан мэдэгдэл хийсэн нь анхаарал татав. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг "нэр хүндтэй хүн", "хүчтэй удирдагч" гэж нэрлэжээ.


Түүний төлөөлөгч Коул АНУ-ын Ерөнхийлөгчийн захидлыг Лукашенкод дамжуулсан бөгөөд уг захидал нь мөн магтаалын агуулгатай байв. "Бид таны эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө, мөн АНУ ба Беларусийн ард түмний нэрийн өмнөөс хамтран тавьж буй зорилгодоо хүрэх үйл явцын төлөө залбирч байна» гэж бичсэн нь камерт үзэгдсэн байна.


Д.Трампаас барьсан өөр нэг бэлэг нь “Белавиа” агаарын тээврийн компанид тавьсан Америкийн хоригийг цуцлах шийдвэр байлаа.


Барууны хориг арга хэмжээг зөөлрүүлсэн нь А.Лукашенко хоригдлуудыг суллах нөхцөл болсон гэж Польшийн "Rzeczpospolita" сонинд наймдугаар сард бичжээ. Тус хэвлэлийн эх сурвалууд "Белавиа" компани, түүнчлэн Европын хамгийн том калийн бордоо үйлдвэрлэгч "Беларуськалий" компанийг дурджээ.

"Белавиа" компани 2023 оны наймдугаар сард Беларусийн хэд хэдэн компанийн хамт АНУ-ын хоригт орсон байна. Тус компани Европын Холбооны хоригт 2021 оны 12 дугаар сараас багтжээ. Мөн 2021 оны тавдугаар сараас эхлэн «Белавиа»-гийн нисэх онгоцнуудыг Европын Холбооны орнуудын дээгүүр нисэхийг хориглосон байна. Энэ шийдвэрийг Афинаас Вильнюс рүү нисэж явсан "Ryanair" компанийн онгоцыг Минскт албадан газардуулж, идэвхтэн Роман Протасевич болон Софья Сапегаг баривчилсны дараа гаргажээ. 



相关新闻