УВС: Баруун бүсийн шилдэг стартап шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-12 11:36:18

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн шилдэг стартап” шалгаруулах уралдааны бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ.


Баруун бүсэд ажиллаж, амьдарч буй 15–34 насны залуусын дунд шинэ технологи, инновац шингэсэн, бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн шинэлэг санаа, санаачилгыг дэмжих, ногоон болон өндөр ур чадварт суурилсан ажлын байр бий болгох, гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторуудын зөвлөгөө авах боломж олгох, залуусын стартап санааг хөгжүүлж, дараагийн шатны хөрөнгө оруулалтад бэлтгэх зорилго бүхий уралдаан зарлаад байна.


Уг уралдаанд 15–34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж буй шинэлэг санаатай залуус, их, дээд сургууль болон МСҮТ-ийн суралцагчид оролцох боломжтой.


Нэгдүгээр байр эзэлсэн баг 20 сая төгрөг хүртэх бол хоёрдугаар байр 17 сая төгрөг, гуравдугаар байр 15 сая төгрөгийн дэмжлэг авна. Санхүүжилтийн 50 хувийг эргэн төлөх нөхцөлтэй ажээ.


Энэ уралдааныг баруун бүсийн залуусын дунд анх удаагаа зохиож байгаагаараа онцлог юм.

相关新闻