ДАРХАН-УУЛ: Эмнэлэгт үзүүлэхээр цаг авсан ч үзүүлж чадаагүй, цагаа цуцлаагүй бол торгууль төлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-12 16:55:31

Дархан, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлгээс иргэдэд хандан мэдэгдэл хийлээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор цаг авч үзлэгийн цагийг баталгаажуулдаг ч тухайн өдөр, цаг, минутад ирдэггүй тохиолдол гардаг байна. Үүнээс үүдэн эмч нар шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгтэй хүнд нь үзүүлж чадахгүйд хүрч байна гэв.


Тиймээс улсын эмнэлэгт цаг авч тухайн товлосон хугацаандаа очих боломжгүй болсон ч цуцлаагүй тохиолдолд дахин эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ хорин мянган төгрөгийн төлбөр төлөх болсныг мэдэгдлээ.


Учир нь иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан товлолт цагтаа очдоггүй, очих боломжгүйгээ мэдсэн ч цуцлах ёстойг мэддэггүй учир эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж байгааг онцоллоо.


Тухайн шийдвэр нь өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд гуравдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг бодвол орон нутагт дараалал бага байдаг ч хариуцлагагүй иргэдээс үүдэн зохиомол ачаалал үүсгэж байна.


Тиймээс нэгдсэн эмнэлэг болон хоёрдугаар төвд зохиомол ачаалал үүсгэхгүйн тулд эхний удаа авсан цагтаа очоогүй иргэн дахин үзлэгийн цаг авах бол хорин мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон байна. Торгуулийг эмнэлгийн орлого болгохоор зохицуулсан журмыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргажээ.


Иймд иргэд тухайн үзлэгийн цагтаа очих боломжгүй болсон тохиолдолд заавал цагаа цуцлуулах дадлыг хэвшүүлэх шаардлага тулгарч байна.


Тухайн цагаа цуцлуулбал дараагийн хүнд шилжүүлэх замаар эмнэлгийн хүлээгдэл багасаж ачаалал буурах бөгөөд авсан цагаа цуцлуулахад торгууль хүлээхгүй гэв.  

 

相关新闻