ЗАВХАН: Улиастай сумын цэцэрлэгийн хүүхдүүд "Шимт" хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-15 15:54:44

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймаг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиудад “Шимт” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж эхэллээ.


Тус хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Б.Түвшингийн дэмжлэг санаачилгаар буюу 133 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улиастай сумын 9 цэцэрлэгт хэрэгжүүлж эхэлсэн байна.


Улиастай сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 80 гаруй багш, арга зүйч нар анхан шатны сургалтдаа хамрагдаж энэ сарын 6-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн хүүхдүүд суралцаж эхэлсэн. Цаашид үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулиудад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.


Орчин үеийн боловсролын чиг хандлага, дэлхий нийтийн боловсрол, судалгаа, эдийн засгийн байгууллагуудаас санал болгож буй ирээдүйн иргэдийн эзэмших бүтээлч хандлага, чадварыг төлөвшүүлэн хөгжүүлэх ШИМТ+ хөтөлбөрийг аймгийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлнэ.


STEАM буюу ШИМТ гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй гэсэн үгийн товчлол юм.


Энэ нь асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага юм.


Сүүлийн үеийн судалгаагаар STEAM сургалтад хамрагдсан хүүхдүүдийн шинжлэх ухааны хичээлийн амжилт эрс нэмэгдэж байсан бөгөөд багшийн ажлын үр дүн ч сайжирч байна гэжээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийн үр шимийг хүүхдүүд багш нар хамтдаа хүртэх боломжтой боллоо хэмээн Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв.


Ташрамд, манай улсад 2017 оны 9-р сараас бага боловсролд STEAM сургалтын зарим агуулгыг туршилтын байдлаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд олон үр дүн гарсан байдаг.


Судалгааны үр дүнд STEAM сургалтад хамрагдсанаар сурагчдын багаар ажиллах болон бүтээлч чадвар, логик, техник сэтгэлгээ нэмэгдэх хандлагатай гэж дүгнэсэн байдаг. Мөн багш нарын хувьд хамтран ажиллах байдал, сурагчдаа ойлгож таних чадвар эрс дээшилсэн гэж хариулжээ.

Улиастай сумын сургуулийн өмнөх боловсролын 80 гаруй багш, арга зүйч анхан шатны сургалтад хамрагдав


Улиастай суманд "Шимт" хөтөлбөрийг нээлээ.


相关新闻