УВС: Маршал Ю.Цэдэнбал мэндэлсний 109 жилийн ой өнөөдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-17 15:23:18

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 109 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Ю.Цэдэнбал 1916 онд одоогийн Увс аймгийн Давст суманд 11 хүүхэдтэй айлын тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгсжээ. Улмаар Эрхүү хот руу явж, тэндээ 9 жил суралцан санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн байна.


1938 онд сургуулиа төгсөж ирээд Улаанбаатар хотноо Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн байна.

1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож, 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ.


Өөрөөр хэлбэл Ю.Цэдэнбал нь 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж, БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. Тэрээр БНМАУ-ын Маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байжээ.


Ю.Цэдэнбал нь монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч иржээ. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан байдаг. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болжээ. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэй БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онд эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай юм.


Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч Алтан өлгийд оршуулжээ. Дараа нь Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын "Эрэл" дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгосон. Жил бүрийн энэ өдөр түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай билээ. 


2016 оны 9 дүгээр сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгосон юм.


相关新闻