Элчин сайд М.Игавахара Увс аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна.
Тэрбээр өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, Япон Улсын Засгийн газраас 2025 онд хэрэгжүүлж буй “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын гэрээнд гарын үсэг зурсан юм.
Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны байрны барилгыг засварлах ажлыг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон байна.
Уг төслийн хүрээнд тус аймгийн Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хуучин гал тогооны байрны барилгад их засвар хийж, дотуур байрны гал тогоо болон хооллох танхимыг засаж тохижуулах юм. Ингэснээр дотуур байрны сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч, амьдрах боломж бүрдэх юм.
Элчин сайд М.Игавахара Увс аймагт ажиллах үеэрээ зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар орж, үйл ажиллагаатай нь танилцана.