ДАРХАН-УУЛ: Цагаан алт хөтөлбөрт таван ААНБ хамрагдаж 29 тэрбумын зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-19 17:50:12

Дархан, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Энэ хүрээнд аймгийн ХХААГ-аас хөнгөн үйлдвэрлэл, ноос, ноолуур, боловсруулах үйлдвэрийн судалгааг гаргажээ. Өнөөдрийн байдлаар 300 ААНБ хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.


Эдгээрээс арьс шир, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 27 ААНБ-ыг цагаан алт хөтөлбөрт хамруулахаар банк санхүүгийн байгууллага болон батлан даалтын санд холбогдох бичиг баримт материалыг өнгөрсөн оны төгсгөлд хүргүүлэн ажиллажээ.



Энэ оны эхэнд холбогдох дүрэм, журамд заагдсан шаардлагыг хангасан эсэхийг нягталж судлан таван ААНБ цагаан алт хөтөлбөрт хамрагдаж 29 тэрбум 411 сая төгрөгийн зээл авчээ.




Ноос, хөөвөр боловсруулах, арьс шир боловсруулах, хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Дархан Нэхий” ХК арвантаван тэрбум 541 сая төгрөг, арьс шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуул байгаа Нэхий таннери ХХК  нэг тэрбум 500 сая, арьс шир боловсруулах Дархан минж ХХК 11 тэрбум 901 сая, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Дархан савхи ХХК 250 сая төгрөг, савхин хувцас, гутал үйлдвэрлэлийн Хатан ивээл хайрхан ХХК 350 төгрөгийн зээлд энэ онд хамрагджээ.



Арилжааны банкаар дамжуулан зээл олголт хийгддэг болохоор эргэн төлөлт сайн, олгогдсон санхүүжилт зориулалтын дагуу үйл ажиллагаанд зарцуулагддаг гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Лхагвасүрэн мэдэгдлээ.



Ташрамд хөтөлбөрийн зорилго нь олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг тэлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх юм. 

相关新闻